Tuesday, April 20, 2010

Huisee soliulsan busguin bichlegees oruulav

Нью Халф Андо Аой-ийн блог-оос нэг бичлэгийг нь хулгайгаар орчуулж орууллаа...

2005 онд хүйсээ солиулсан бүсгүй, өдөр тутмынхаа амьдрал, урьд өмнөх амьдрал, тухайн үед юу бодож байсан гэх мэтээ бичсэн маш сонирхолтой блог байв. Япон хэлээр уншиж чаддаг хүмүүс ороод үзээрэй.


Надад хамгийн их таалагдсан бичлэг нь *Боожгоо болон аажгай (?? гэж нэрлэвэл уг нь болмоор юм шиг тэ? кэкэ) хоёрын тухай асар чухал царайлан бодож үзэх нь* гэдэг бичлэг нь... Боожгоотой байж үзсэн бүсгүй, эр эм бэлэг эрхтэний талаар асар сонирхолтой бичсэн байсан болохоор, кэкэ.


Гэхдээ, энэ бүсгүй ч тэр, өөр нэг хүйсээ солиулсан бүсгүйн блогийг уншсан ч тэр, асар *ЭРШҮҮД* санагдсан нь сонирхолтой... Гэхдээ, асар том шийдвэр гаргах зоригтой байна гэдэг, нэг утгаараа *ЭРШҮҮД* байх нь ч аргагүй ч юм шиг....



Муу орчуулсан бол уучлаарай...


------------------------------------



2006 оны 10 сарын 11-ний бичлэг

*Баяртай ааваа, баяртай ээжээ*





Би гэрээ орхин явахаар шийдсэн минь, 22 нас хүрсэн жилийн хавар байв.

Их сургуулиа төгссөн дороо, тухайн үед найзалж байсан залуутайгаа хамт амьдрахаар, төрсөн гэрээсээ тусдаа гарахаар шийдсэн юм.



Тусдаа гарах ч гэж дээ, гэрээ *орхихоор* шийдсэн гэж хэлэх нь илүү оновчтой болов уу. Их сургууль төгсөх үедээ би аль хэзээний эмэгтэй гормон уугаад эхэлчихсэн байсан тул, энэ бүхнээ нуунгаа эцэг эхтэйгээ амьдрах нь улам бүр хэцүү болж байсан юм л даа.



Тусдаа гарахаар шийдсэн тухайгаа ээждээ хэлтэл

*Ан тэгэж шийдээ юу. Гэхдээ, эрэгтэй хүүхэд байна, юу алзахав* гээд инээмсэглэж билээ.



Би дотроо * Ээж минь дээ ээж минь... Дараа уулзахдаа би хэзээний эрэгтэй төрх байхгүй болсон байх болов уу... Хэрвээ дахиж уулзах боломж олдох юм бол шүү дээ...* хэмээн бодлогоширч билээ...



Аав ч гэсэн намайг тусдаа гарна гэхэд нэг их эсэргүүцэж дургүйцсэнгүй.

Угаасаа ч аав миний хийе гэсэн зүйлд нэг их хориг тавьдаггүй л дээ.

Манай ах аль хэзээний тусдаа гарчихсан байсан тул, ингээд энэ гэрт аав ээж 2 хоёулхнаа үлдэж байгаа н; энэ...



Тусдаа гарахаас хэдэн долоо хоногийн өмнөөс өөрийн бараа эдлэлээ боож эхлэв.

Дахиж эргэж ирэхгүй миний өрөө... Хүү нь * ХҮҮ* байсан тэр л өрөө...



Юм хумаа нэг нэгээр нь боох маань, *ХҮҮ* байсан өөрийгөө оршуулах нэгэн төрлийн ёслол шиг санагдаж байв.



*Тусдаа гарахаар юм юм хэрэг болно. Дэлгүүр гарья* хэмээн өгүүлэх ээжийн үгээр, ойрхон байдаг дэлгүүр оров.



*Машин барихдаа жаахан аятайхан яваач чи! Болгоомжтой бай л даа* хэмээн үглэх ээжийн өөдөөс *Зүгээрээ. Би мэдэж л байна ш дээ* хэмээн өгүүлэх би...



Дэлгүүр явах болгонд л болж байдаг тэр л яриа...





Дэлгүүрт ороод * Энэ хэрэгтэй биз дээ? Энийг авах уу?* хэмээн дараа дараалан эд бараа гаргаж ирээд надаас асуух ээж...



Ихэнх юмсаа найз залуутайгаа хамт цуглуулчихсан байсан учир *Аа.. Наадахыг чинь авчихсан. Байгаа байгаа* гэмээн өгүүлэх би...



Олон юм авч өгч чадаагүйдээ жоохон сэтгэл дундуур харагдах ээжийгээ хараад, буруу юм хийсэн мэт санагдаж билээ...



Харих замд, *Май энийг аваад яв. Гамтайхан хэрэглэдэг юм шүү!* хэмээн нэг юм сарвайх ээж...



*Юу юм? * гээд харсан, хадгаламжийн дэвтэр байв. Нилээд их мөнгө дотор нь байгаа харагдав...

*Чиний сар болгон гэртээ авчирч өгдөг байсан цалин чинь. Хэрэглэхгүй үедээ, хэзээ нэгэн цагт тусдаа гарах үед чинь хэрэг болох байх гээд хадгалчихсан байсан юм... Ийм эрт тусдаа гарна гэж харин санасангүй л дээ..* хэмээн өгүүлэх ээж...



Оюутан байхдаа би, хааяа цагийн ажил хийсэн мөнгөө гэртээ авчирч өгдөг байсан юм л даа.. Баян тарган айл биш байсан учир, энэ зэргийн зүйл хийх нь мэдээжийн хэрэг хэмээн бодож байсан болохоор...



Телевизийн драм дээр л гардаг болов уу хэмээн бодож байсан нэг тийм яриа...

Гэхдээ яагаад ч юм дотор зангираад явчихав.



Драма биш, жинхэнэ хайр гэдэг ингэтлээ сэтгэл хөдөлгөдөг гэдгийг тэгэхэд л анзаарч билээ...

*За* гэж хэлээд, би нулимс унагахгүй шүү хэмээн хичээсэндээ дуугүй болов.





Тусдаа гарах өмнөх өдөр.

Өглөө ажилдаа гарахын өмнө аавдаа *Маргааш би явлаа шүү* хэмээн хэлэв.

*Өө за. За тэгээд хичээгээрэй дээ* хэмээн хэлээд, цаашаа харан зурагт үзэх аав.



Аав минь ийм л хүн байсан. Гүндүүгүй гэх үү, өөрийгөө илчлэхдээ маруухан гэх юм уу... Гэртээ байхдаа нэг их юм ярихгүй, пиво уунгаа зурагт үзэхээс олныг хийх нь ховор. Гэхдээ, бүхнийг ажигласан байдаг, хэрэгтэй үед минь хэрэгтэй зөвлөгөө өгдөг тийм л нэг эр....



*Ааваа, хүүгээ уучлаарай*

Энэ өдрөөс хойш, өдөр өдрөөр өөрчлөгдөх өөрийн биеэ, *ГОМО/МАНИН* гээч амьдралаар амьдрах өөрийгөө бодонгоо би дотроо өгүүлэв..



Ийм амьдрал сонгоосой гэсэндээ төрүүлээгүй нь лавтай...





Гэрээ орхин явах өглөө.

Дотроо эд хогшил байхгүй болсон өөрийнхөө өрөөг харчихаад, ийм л өрөөнд миний өдий хүртэлх амьдрал үргэлжилсэндээ хэмээн сэтгэлийн гэрэл зургандаа буулгачихаад, өрөөнийхөө хаалгыг хаав.





Гал тогоонд ээж минь түмпэн таваг тачигнуулаад завгүй.



*Алив, өглөөний хоолоо идчихээд гар!* хэмээн өгүүлэх ээж.

*Цаг болчихсон байна, хоол хэрэггүйээ* хэмээн өгүүлэх би.

* Олон таван юм яриад байлгүй, алив хурдал* гээд хоол идүүлэхээр хүчлэх ээж



Хүчээр шахуу ширээнд суулгуулав,

*Өглөө хоол идэж байгаарай чи! Тэгээд, хоолоо хийж идэж байдаг юм шүү. Дандаа гадуур дотуур хооллоод байвал наад биенд чинь муу* хэмээн үглэнгээ ширээн дээр хоол өрөх ээж.



Будаа, төмс, сонгинотой мисо шөл, спинач, шарсан загас, тэгээд яагаад ч юм котлет...

Миний багаасаа дуртай байсан хоолнуудыг өрчихсөн байв.



*Хар өглөөнөөс котлет идээд байхдаа яадаг юм*,,, хэмээн өгүүлсэн

*За юун сүртэй юм, ид чи* хэмээн өгүүлэх ээж...



Нулимс нүдээр дүүрээд ирж билээ... Нулимсаа унагахгүй хэмээн хичээхээр, хамар шархираад, хоолны амт ч мэдрэхгүй байв...



Сүүлчийн удаа идэж байгаа ч байж магадгүй ээжийн гарын хоолыг идэв....



*За би явлаа*

* Ан, байжээ даа* гээд ээж явж ирсэнээ, дарсан ногоо хийсэн сав авчирч өгөв.

*Цус шингэлдэг, биенд сайн юм. Өдөрт 3 ширхэгийг идэж байгаарай! Тэгээд биеэ боддог юм шүү. Эрүүл байвал тэгээд л болоо!! Ан тийм, Томо хүүд мэнд хүргээрэй*



Ээжийн, миний жирийн найз гэж бодож байсан, хамт амьдрахаар болсон Томо хүү чинь, хүүгийн чинь хайртай хүн юм шүү дээ.. Хэлж чадаагүйд уучлаарай...





Гарахдаа, арай гэж * Ээжээ. Хүүгээ өдий болтол өсгөсөнд баярлалаа*...



Драманд байдаг байх гэмээр энэ үгийг арай чүү хэлэв...

Энэ өдрөөс хойш зовоох, урамыг нь хугалах олон үйлдэлээ бодонгоо би ингэж хэлэв...



* За за, тэгээд сайн яваарай* .,.. Ээж уйлах шахсан царайлан нуух гэсэндээ юу, гялс хаалгаа хаав...









Уулзахаар болзсон байсан газраа ирэхэд, Томо намайг хүлээж байв.

*Сайн уу...* гэж хэлээд, тэсэн байсан нулимс минь задран урсчихав...

*Би энэ хүнтэй, өөр амьдралаар амьдрахаар шийдсэн... Хүүгээ уучлаарай, ааваа, ээжээ...*





-----------------



Томотой хамт амьдарч байхдаа би аз жаргалтай байв.

Хамтдаа босож, хамтдаа хоол идэж, хамтдаа унтана. Ийм л нэг энгийн аз жаргал.

Гэхдээ энэ хүнтэй хамт байх тусам, эцэг эхээ үгүйлэх минь бага багаар намдаж байв.

Хааяа нэг утсаар ярихаас биш, гэртээ харья гэж бол бодохгүй байлаа.



*Би энэ хүнтэй энэ амьдралаар амьдрахаар шийдсэн* хэмээх шийдвэр маань улам бүр батажсаар байлаа.



Хэдэн хавар, хэдэн зун, хэдэн өвлийн дараа, би Томотой салав. (Томогийн талаар өөр бичлэг дээр өгүүлье)



Гайхмаар... Саяхан л бат бөх, үүрдийн хэмээн бодож байсан зүйл минь хормын дотор байхгүй болсон байв.



Ингээд ганцаараа үлдсэн би.

Гэхдээ яагаад ч юм, гэртээ эргэж харья гэсэн бодол огт төрөхгүй байв.

Улам бүр эмэгтэйлэг болох гадаад төрх... Дахиж өөрийгөө *эр хүн* гэж хууран амьдрах амьдралд буцаж орохыг хүсэхгүй байлаа..



Үлдсэн зүйл гэвэл, нэгэнт шийдсэн шийдвэр. Энэ нь зөв сонголт ч байсан, буруу сонголт ч байсан, би өөрийнхөө хийсэн шийдвэртээ итгэлтэй байлаа.





Ганц өрөө умгар өрөөндөө би уртаас урт захиа бичив.

Эцэг эхдээ бичсэн захидал, Хамгийн сүүлчийн захиа болох болов уу хэмээн бодсон захиа.

Эцэг эхдээ, анх удаа өөрийгөө хэн бэ, ямар хүн бэ гэдгээ бичсэн захидал. Юугаа ч нуулгүйгээр бичив.



Бичиж дууссан захиагаа бариад шуудан явах тэр зам... Уг нь хэдхэн алхамын зайтай ч миний амьдралын хамгийн урт зам шиг санагдаж байв. *Ааваа, ээжээ... Хүү нь та хоёртоо хайртай шүү*... ингэж бодоод, шууданд захиагаа хийв...



Хоёр хоногийн дараа ээжээс утас ирэв...

*Одоо танайх руу очлоо*...



Ердөө л хоёрхон үг... Ямар утгатай болохыг энэ үгнээс гадарлах арга байсангүй.



Эсэргүүцэх болов уу, бүр эцэг үрийн харьцаагаа таслахаар шийдсэн үг ч юм уу...



Маргааш нь буудал дээр ээжийг тосож авав.

Би энэ өдөр, палааж биш жинс өмсөв. Гэхдээ, нүүрээ бол буддагаараа будав. Ийм болсон хүүгээ хараад, ээж минь юу гэж хэлэх бол...



*Ээж* хэмээн би дуудах



Нэг агшин гайхсан царай гаргасан боловч, дараад нь зөөлхөн инээмсэглээд, *Энэ хавьд чинь дэлгүүр байгаа юу?* хэмээн өгүүлэх ээж.



Дэлгүүр орох замд *Олигтой юм идэж байгаа юм уу? Гэр орноо цэвэрлэж байгаа юу?* хэмээн үглэх ээж...



*Анхан, идэж байгаа... цэвэрхэн цэвэрхэн* хэмээн өгүүлэх би...



Гэртээ дагуулж ирэв.



*Иш, яасан умгар өрөөв дээ... Энэ гал тогоо энэ тэр... Хоол хийж иддэггүй нь илт байна шүү* хэмээн үглэнгээ хоол хийж эхлэв.



Туслахаар очивч *Алив битгий садаа болоод бай. Цаанаа зурагт ч юм уу үзээд сууж бай чи* гээд хавьтуулсангүй.



Зурагт үзэвч, юу гарч байгаа нь огт толгойд орж ирэхгүй байв... Ээжийн ногоо хирчих чимээ л сонсогдохоос...

Хэдэн зуун удаа, хэдэн мянган удаа сонсогддог байсан тэр л ризм...



*Хоол болчихлоо* гээд өрөөнд орж ирэх ээж...



*Гоё болж...*

*Мэдээж шүү дээ, би хийсэн юм чинь* гээд инээмхийлэх ээж...



Нээрээ ч сүүлийн үед хэн нэгний төлөө хоол хийхгүй, зөвхөн өөртөө зориулж идэш бэлтгэж байсан би... *Ганцаараа бүхнийг хийж явах болно* хэмээн хатуу шийдсэн боловч, ганцаардал гэдэг зүйлд бага багаар идэгдэн байсан миний сэтгэл...







Өөд өөдөөсөө хараад хоол идэж байв..

Ээжийн савх гэнэт хөдлөхөө болиод, хамраа шархируулах чимээ сонсогдов...



Сандарсандаа би ч гэсэн хоол идэхээ зогсоов...



*Ээжийгээ уучлаарай*,,, гэж хэлээд, нүднээс нь том том нулимс дуслах ээж...



* Юу ,.. яасан,,, яалаа гэж...??* би ч ээжийгээ уйлуулсандаа сандран байж хэдэн үг холбосон болов.



* Өдий хүртэл хэрхэн шаналж байсаныг чинь ч мэдэхгүй явсанд.... Уг нь чамайг хамгийн сайн ойлгох ёстой хүмүүс нь аав ээж чинь атал...*



*Таны буруу гэж юу байдаг юм. Битгий ингэж ярь л даа....Битгий уйл тэх үү? * гээд ээжийгээ тайвшруулах гэсэн боловч, би өөрөө, бишээ миний нүднээс нулимс урсаж эхлэв...



Хэзээ болтол уйлсанаа санахгүй байна....



----------------





Үүнээс хойш, аав ээж хоёр минь миний амьдралын хэв, сонголтыг нэг ч удаа буруутгаж байгаагүй юм. Тэр ч байтугай хүйсээ солиулах мэс засал хийлгэхэд ч, иргэний бүртгэлийн хүйсээ солиулахад ч гэсэн хамгийн их баярлаж байсан хүмүүс нь аав ээж хоёр байж билээ...



*Мэс засал чинь дуусаад, бие чинь сэргэхээр чамд гоё кимоно авч өгнө өө...*

*Яаж байгаа нь тэр юм??*

* Насанд хүрэх ёслолоор өмсүүлж чадаагүй болохоор... Хүйсээ солиулсаны дараа сайхан зүйл ч гэсэн их байх болно шүү...*

* За...*

Би толгой дохихоос өөр зүйл хэлж чадаагүй билээ...



Ийм аав, ийм ээжтэй болсондоо хүү чинь (охин чинь) бахархаж явдаг шүү.

Би хамгийн аз жаргалтай хүмүүсийн нэг гэдэгтээ итгэлтэй байдаг...



Фин

-----------------



Жоохон уран зохиол шиг бичлэгийн хэлбэртэй ч гэсэн, энэ хүйсээ солиулсан хүний болсон явдал, өөрийн түүх юм билээ.

Японоор уншиж чаддаг хүмүүс өөрсдөө уншаарай.

17 comments:

hina said...

wow aigu sonirholtoi bna, jpnaar bish ingej orchuulj unshimaar bnaa hehe, bolomjtoi uyede orchuulahiig bodooroi :)

Особу said...

uuuuuuuuuu uilahiig shahav :)

MNED said...

Sonirholtoi tuuh baina shuu.

MNED said...

Sonirholtoi tuuh baina shuu.

eldevasuult said...

taalagdlaa.
Aav eejid ni aznii yum bolson bna sh dee huu ohintoi bolchihdog.

Huvi huniihee zugees asar ih setgel hodlold orj bsan baih daa.
Odoo ch alzahaa baigaa biz dee.

Tomo-giih ni tuhai bichlegiig oruulval mash ih bayarlana shuu.


Hatan soliot iimerhuu yumand nugasgui yumaa tee.

freestyle529 said...

уншиж байхдаа хамраа шархирууллаа ш д. чи ч янзтай орчуулахийн, энгийн мөртлөө яг л кино шиг. амьдрал сэтгэл үнэн түүх. өөр тавилан, ойлгохын аргагүй юм шиг мөртлөө уншихаар энгийн дотно байх тийм л амьдрал.
ямар гоё хүмүүс вэ тэр эцэг эх. бусдын адил буруутгаж ад үзэлгүй дэмжиж хайрлана гэдэг асар их сэтгэлийн тэнхээ, хайр юм даа...

ershuu said...

wooow
humuus huisee soliulj baihad aav eej ni oilgoj baina! bi huisee soliulahgui, ene baigaagaar maani namaig oilgoodoh geel eej aavdaa agsam tavidiim biloo :P

gesnees eldevasuult hatan-soliot gej PO ajaag heljaagaan bish baigaadaa :P

lover_girl said...

Уйлангаа алдлаа бөмбөг гэж...

patatepatata said...

hina> hehe. Orchuulahaar yum oldvol orchuulj uzne ee.. Zav bogood dur baival, keke. Gehdee neg ih olon yum bol oruulahgui baihaa...

Osobu> Ur zuuluntei huuhen shuu, kekeke.

MNED> harin tiim baigaaz? Anujin ch yum uu, Gambuush iimerhuu mayagaar tuhain uyee bichvel ih sonirholtoi baih baih te?

Eldevasuult> hatansoliot gej hen be? kkk
Aav eejid ni aztai yum bolson esehiig bol medehgui yum, ug ni bol ch toruulsen chigeeree baigaasai gej bodoj baisan bailgui dee. Blogiig ni unshihaar, odoo *hurdan neg har yum olj av, gerle, hurimaa hii* geed ugleed baidag bolchihson geed bichchihsen baisan, neeh huurhun

Tomo-giinhoo talaarh bichlegee nuuchihsan yum shig baina lee, garch irehgui baisan.

freestyle> gehdee hunii etseg eh gej yur ni iim l baidag yum bish uu? Medeej bolj ugvul neg ih busdaas uur buruu zuv baigaasai gej bol husehgui ch, uneheer yaalt ch baihgui gej medeh yum bol terenteigee evlerdeg, huuhdee demjdeg yum shig. Gehdee uur etseg ehuud horvood baidag baij ch magadgui l yum te?

Ershuu> agsam tavihad turhirsan heregiig bi l lav huleehgui shuu! kkk. Ehleed oilgohgui bol *Holiig chini huga tsohiod gertee suulgachihaya, yaasan zadarsan zamarsan yum* gej ireed zagnaj ch magadgui l yum.. Ene ch gesen neg turliin hair bolohoor te?? kk

lover girl> haha, uyahan busgui shuu.

eldevasuult said...

hehehe Bi Greazy gedegiig chini Crazy gej anduuraad soliot hatan matan gej oortoo orchuulj oilgood yavaad bsan bna sh deekkkkk
sov sorry

chamaig humuus PO geed baih shig bgaan.
P-g ni bolood medeed baigaamaa
O ni yu gesen ugiin ain/

eldevasuult said...

Greazy gej yu gesen ugiin ner yum uu?

REDCOURSE said...

хүмүүс ерн каминг аут хийхэд аав ээжүүд нь нээх гоёор хүлээж авхын тээ???? тань маниас авхуулаал

patatepatata said...

eldevasuult> patate gej, italian-aar potato gesen ug bolohoor, Po, keke.

Greazy gej, toslog, zavaan, haltar, baliar ene ter gesen utgatai ug. Nadad taarsan ug baigaaz dee? kekeke

redcourse> ug hunii, *az jargal gej yuu ve* gesen todorhoiloltoosoo boldog baij magadgui l yum te? Manai eej ch yum uu, ene hunii eej geh met humuus bodvol *uuriinhuu husseneer, erh chuluutei baih ni az jargal* gej uzdeg bolohoor, hervee tegej shiideed, uuruu az jargaltai bol gej boddog baij magadgui l yum. Zarim etseg ehuud bolohoor jisheelbel *ger bultei baih ni az jargal* gej uzdeg bolohoor, oilgoj chadahgui ch yum uu te? Gehdee yamar ch etseg eh ur huuhdee az jargaltai baigaasai gej boddog baihaa.

Deerees ni *azaartah* bish *unen setgeleesee yarilcah/ coming out hiih* ni iluu huleej avahad amar baidag baij ch magadgui l yum

eldevasuult said...

aan tiim uchirtai yum uu,
amerik angli helend tegdeg baih tee, british anglid ni greasy gedeg biluu? za boo medee,

patatepatata said...

eldevasuult> amerik, british hamaagui.
Greazy bish, ug ni bol greasy l dee. Gehdee, zugeer mayaglaad z-eer bichsen yum, keke.

Joohon huuchin ug. Zungaaraldsan us ene ternii tos baidag daa? tiimerhuu toslog yumyg zaasan ug

freestyle529 said...

тослог төмсхөөн ккк. юмаа бичкүмү. томо момо өөр яасан ийсэн юу яахав.

patatepatata said...

freestyle> zunduun urt yum bichsen shdee...