Sunday, December 13, 2015

Gay boy complex

"Шоронгийн торыг харан суунгаа би төсөөлөн суув.  Энэ нэг жигд хэмнэл, байнгын гэрэл чинь хар тамхи шиг л нөлөө үзүүлдэг юм биш үү? хэмээн....

Уг нь бол зүгээр л хөндлөн шугамнууд.  Хааяа нэг цонх онгойлгоход, цаанаас болжмор орж ирнэ.  Буцаад гараад явна.  Энэ хөндлөн шугамнуудыг харах тусам, хүний доторх психоделик гормон ихэсдэг бололтой.  Янз бүрийн юм бодно...

Бодож бодсоны эцэст, *Миний өөрийгөө тэр олон улсад мундаг ажил хийгээд, зөндөөн их юм хийсэн, дараад нь Монголоо гэж бодоод буцаж ирсэн минь, тэр хэмжээндээ ажлаа хийсэн минь зүгээр л өөрийн бодож олсон МӨРӨӨДӨЛ-өөс хэтрэхгүй зүйл байсан байна шүү дээ.  Би бол энд хоригдол биш.  Би бол энд СЭТГЭЛ МЭДРЭЛИЙН ӨВЧТӨН юм байна.  Энэ хажууд байгаа хэлгүй, эхнэр хүүхдээ тэжээх гээд утас хулгайлсан хөөрхөн залуу бол зүгээр л миний бодож олсон хэн нэгэн.  Энэ цаана, харгалзагч гээд явж байгаа залуу бол, уг нь бол зүгээр л сувилагч.  Энэ тор бол тор хэвээрээ.  Мэдээж, галзуу, солиотой, сэтгэл мэдрэлийн өвчтөнийг тусгаарлахгүй бол болохгүй.    Хэрвээ би энэ шоронгоос гараад буцаад өөрийнхөөрөө байна гэж бодож байгаа бол, тэр бол зүгээр л өвчтэй миний зүүд....*

Өөрөөр тайлбарлах ямар ч логиктой зүйл олдохгүй байв...

10 сарын 31.  Халловиний өдөр.
Яаж учирал нь таарахаараа *Аймшгийн Баяр* гэж нэрлэгдэх энэ өдөр, ядаж байхад хагассайн өдөр, цагдаад дуудагдаж очоод тэр чигтээ баригдаад ийшээ ирэх билээ дээ.

Надад ямар буруу юм хийсэн зүйл байгаа билээ гэж хэлсэн ч ямар нэгэн зүйл зүүгээд чамайг ялд унагах гэж сэжиглэх билээ...

Энэ бол зүгээр л, би өөрөө сэтгэл мэдрэлийн өвчтөн байсан.  Өнөөг хүртэлх амьдралаа ямар нэгэн байдлаар зүгээр л бодоод, сэтгээд бий болгочихсон байсан.   Ингэж тайлбарлахаас өөр арга байсангүй.
Ингэж тайлбарласнаараа би тодорхой хэмжээнд тайван байж чадав.

Хятадын философич Жуанг Жоу -ийн хэлсэнчлэн, зүүдэлж байгаа гэж бодож байгаа өөрийгөө эрвээхэй гэж бодсон Жуанг Жоу нь жинхэнэ үү, сэрүүн байгаа гэж бодож байгаа өөрийгөө хүн гэж бодсон Жуанг Жоу нь жинхэнэ үү гэдэг зүйрлэлийг санангаа бодлогошрон хэвтэв.


Доорхоос эхлээд, жинхэнээр би өөрийгөө мэдэрч байгаа, зүүдэлж байгаа 2-ынхоо ялгааг сайн мэдэхгүй учир, жинхэнээр өөрийгөө мэдэрч байгаа гэдэг үндсэн дээр бичье.


----------------------------
Өнөөдөр баран дээрээ юм яриад сууж байлаа.  Нэг залуу ирээр юм ярьж байна.

Яагаад гей залуучууд, урлагт илүү мундаг, ер нь мундаг байдаг юм бэ? гээд стрэйт залуу асууж байна.

Уг нь гей байна уу, үгүй юу хамаарахгүй, хүмүүс бүгд адилхан.  Гэхдээ туулж амьдарсан амьдрал нь тухайн хүнийг бий болгодог юм болов уу.


Миний хувьд өөрийгөө гей гэдгээ мэдэрсэн нь 3 настайдаа гэдэг юм билээ (даанч одоо мартчихсан л даа).  Хажууд айлынхаа залууг хөөрхөн ах гээд хойноос нь хөөцөлдөж байгаад тархиа хагалж байсан гэж ээж минь надад хэлж байсан юм.

12 насандаа ангийнхаа хүүхдэд дурлаад, уранхай оймсноосоо үгүй мөн ичдэг байж билээ.

21 насандаа анх удаа эмэгтэй хүнтэй явалдаж үзэв.  Засрах ч юм бил үү гэж бодсондоо.
Засраагүй.

Энэ бага наснаасаа өөрийгөө бусдаас өөр, бусдаас дорд гэж үздэг байсан тулдаа, бусад зүйл дээр ихээхэн хичээв.

- 10 жилдээ дүнгээрээ ангидаа тэргүүлэх.
- Тухайн үед хамгийн их өрсөлдөөнтэй байсан эдийн засгийн сургуульд шалгалт өгөн, эхний 3 байранд орох.
- Япон улсын Монбушогийн шалгалтанд дор хаяж хамгийн шилдэг гэгддэг 40-50 хүүхэдтэй өрсөлдөн стипенд аван явах болох
- Японд очоод, өрсөлдөөн нь, шалгалт өгсөн хүний 16-25 хүний нэг нь л тэнцдэг гэх хамгийн нэр хүнд бүхий их сургуульд орох.
- Сургуулиа төгсөөд, нийт 4000 өрсөлдөгчөөс 3-хан хүн тэнцдэг олон улсын хөрөнгө оруулалтын банкинд орох
- 2010 онд, дунджаар, жил болгон ажиллаж байгаа хүний 50% нь ажлаасаа нэг бол халуулдаг, нэг бол өөрөө гардаг гэгдэх өрсөлдөөнт орчин болох Инвестмент Банкинг ажиллангаа, дараагийн байгууллагаас уригдан очиж ажиллах
- 2012 онд хамт ажиллаж байсан 2 ч хүнийг ажлаас нь халуулан байж Дэд Ерөнхийлөгч гэдэг албан тушаал дээр очих...


Энэ бүх өрсөлдөөнт амьдралаар амьдарсан минь, өөрийгөө ижил хүйстэн гэдэгээр нь хүлээн зөвшөөрч чадахгүй учир, өөр бусад зүйлээр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд л хийсэн алхамууд байсан мэт.

Тухайн үедээ бодов.  Хэд хэдэн удаа амиа хорлоё гэж бодогдож байсаны шалтгаан нь өөрийгөө хүлээн зөвшөөрч чадаагүйнх.  Гэхдээ нийгэмдээ өөрийн чадвараар, чадлаараа хүлээн зөвшөөрөгдөн, мөн өөрийн сексуалитиг бас тодорхой хугацаанд хүлээн зөвшөөрсөний дараа бодол өөрчлөгдөв.  Одоо нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн юм чинь, ингэтлээ гүрийн ажиллах шаардлага байна уу гэж...  Чи тэртэй тэргүй зүгээр л өөрөөрөө амьдрахад, хэн ч чамайг үгүйсгэхгүй юм биш үү хэмээн.

2012 онд, хэдийгээр дэлхий даяар олон хүн ажиллахын тулд олон зүйлээ золиослодог ажлаа хаяад, Монголдоо хэрэгтэй юм хийе гээд буцаж ирэхэд, харамсах сэтгэл огт төрж байсангүй.


Гэхдээ, энэ үедээ би гэнэн хонгор байжээ гэдэгээ ирсэнийхээ дараа даруй ойлгов.

Хамаатнууддаа бүү итгэ, хэнд ч бүү итгэ гэдэг зарчим Монголд явагддаг гэдэгийг, хэтэрхий шударгаар амжилтуудыг өөрийн болгосон байсан Монгол хүү яаж мэдэхэв.


Шунал гэдэг зүйл угаас үгүй болсон тэр хүү, улсын төлөө гэсэн нэрийдлийн дор, Мак Доналдс-д ажилласан ч авч болохоор хэмжээний цалин авангаа огт дургүйцлээ илэрхийлэлгүйгээр 2 жил, нэг хүний хийж болох хэмжээнээс хэтэрхий их үүрэг хариуцлагыг үүрэн ажиллав.

Мэдээж, хуучин, дэлхийн санхүүгийн зах зээл хамгийн хүнд байх үед Сумитомо Мицүй Банкинг Груп-т 3 тэрбум ам.доллар, Дайва Секуритизд 3 тэрбум ам. долларын санхүүжилт босгож байсанаараа, эсвэл, Японы хамгийн том санхүүгийн компани болох Мицүбиши Ю Эф Жей-ийн хамгийн итгэлт зөвлөх болсон байсан туршлагаараа омог бардам ажлаа хийн, Монголдоо тодорхой зүйл хийе хэмээн зүтгэв.

Гэвч, юм болгонд удирдаж болохгүй гуравдагч шалтгаан байдаг.
Хийж буй төсөл дээрээ, дор хаяж 600 сая ам.долларын санхүүжилт олох боломжтой гэдэгийг банкнуудаас саналыг нь хүлээн авсан байсан боловч, Монгол улсын засгийн газар нь ЗГ-ын баталгаа өгч чадахгүй гэдэг шалтгаанаар бүгд цаасан дээр дуусав.

Хамаг зөвлөхүүд нь ч, цалинг нь өгч чадахгүй засгийн газраас болоод гэрээгээ цуцлах байдалд хүрэв.


Мэдээж урам хугарна.  Урагшлах нэг ч нүх сүв, хонгилийн үзүүрийн гэрэл харагдахгүй болно.


Зүгээр цалин аваад юу ч хийхгүй бэртэгчин амьдрах совесттой хүн биш учир, ажлаасаа гарав.





Ажлаасаа гараад бүтэн жил.
Цагдаагийн газраас дуудлага ирэв.
Очсон, улсыг их хэмжээгээр хохиролд учруулсан сэжигтэн болж таарав.

Хэн өөрийгөө хохирсон гэж нэхэмжилсэн юм?  хэмээн асуухад *Ард түмэн* гэх.
*Надад, наад ажлыг чинь хийгээд нэг ч төгрөг идсэн уусан зүйл байхгүй* гэхэд, *Улс хохирсон бол чи ч сэжигтэн!* гэх.

10-15 жил шоронд ял эдлэх онц хүнд гэмт хэрэгтэн гэх...
Хэлмэгдүүлэлт...

Ойрын үед, жижиг сажиг зүйл дээр үнэхээрийн эмзэг болсон байна билээ.
Юу ч болоогүй байхад бусдад гомдоно,

Юу ч болоогүй байхад гомдолоо бусдад гаргана.
Уг нь миний хувь хүн маань их л тэвчээртэй, шазруун залуу байсансан.


Энэ ч утгаараа, энэ бүхэн зүгээр л хар дарсан зүүд өрнөөд байна уу хэмээн хуучин Хятад философичийн ярианд итгэн амьдрах.

Эсвэл, зүгээр л бодит амьдрал нь хар дарсан зүүд мэт байна уу?

Хэрвээ, бодит амьдрал нь бол, миний буруугүйг, миний ямар үнэнч хүн бэ гэдэгийг цаг хугацаа харуулах болов уу.

НАЙДАЖ БАЙНА!!!!