Wednesday, September 01, 2010

Ando Sogiin durlalyn tuuh 1

Шинэ ажил дээр, одоохондоо хийсэн юмгүй хэвээрээ л...
Өдрийн өчнөөн их цалин өгч байгаа юм байж, ашиглаж авдаг байгаа даа тэ? гэсэн бодол нэг байх ч, завгүй болохын өмнө хааяа ийм сул чөлөөтэй үе дажгүй ш дээ гэсэн бодол бас байх л юм...

Зиаг тэгээд хийх юм олдохгүй, ойрд онц сонин сайхан юм болоогүй болохоор, нөгөө дээр үед бичиж байсан Андо Соу гээд транс хүүхэн (хүйсээ солиулсан)-ий бичсэн бичлэгээс нэгийг орчуулах гээд үзэхээс.

Завгүй болчихвол бичлэгээ дундуур нь тасалж ч магадгүй тул тийм тохиолдолд уучлалт хүсье.

Энэ нь, Андо-гийн дунд сургуулийн сурагч байх үеийн бүтэлгүй дурлалын түүх учир, өмнөх бичлэгээс жоохон өөр стилтэй байж магадгүй. Бас, Японы дунд сургууль, Монголынхоос нилээд өөр болохоор, нэг тийм сонин, харь орчин санагдаж бас магадгүй л юм. За юу ч болсон, бичээд үзье.



--------------------------




--------------------------

ӨВЛИЙН ДАЛАЙ БА ТЭНГЭРИЙН ЭЛЧИЙН АВИРДАГ ШАТ.
(Энэ нэр нь шүү. Аймаар уран зохиол маягийн тэ?


Бүрхэг өдөр, үүлний завсраар тусах нарны туяа.
Үүнийг *ТЭНГЭРИЙН ЭЛЧИЙН АВИРДАГ ШАТ* гэж нэрлэх нэгэн байдаг гэх.

Ийм бүрхэг өдөр, ийм нарны туяаг харах болгондоо би түүний царайг санадаг юм.

Нэг л их том хүн шиг санагддаг хирнээ, хүүхдээрээ л байсан түүний царайг.
Тэр надаас 2 ах байсан юм.

Тэр өдөр, өвлийн тас хийсэн өдөр байсан юм. Далайн эрэг дээр, салхи шуугиж байхад, бүрхэг тэнгэрийн завсраар харагдах ТЭНГЭРИЙН ЭЛЧИЙН АВИРДАГ ШАТ-ыг харангаа тэр хэлж билээ.

*Хурдан нас биед хүрэх юмсан*
*Сэнпай (ахлах ангийн хүн, ахмад хүнээ дууддаг япон үг) яагаад тэгэж бодоов?* гэж хэлэх миний бие, тэр үед 13 нас хүрч байв.

Тэр л өвлийн, тэр л өдөр. Сэнпай маань 15 настай, би 13 настай.
Олон юм үзээгүй тийм л 2 хүүхэд...

Хүний дурсамж гэдэг яагаад бага багаар бүрхэг болоод, бага багаар мартагдан оддог юм бол? Тэр үед би тийм л их баясгалантай байсан атал...

Хүмүүс яагаад холдон оддог юм бол? 15 настай сэнпай маань надтай тэгэхэд тийм ойрхон байсан атал...

Хэзээнээс эхлээд тийм жаргалтай байсан Сэнпайтай цуг байсан мөчүүд эргэж санахад ийм хэцүү болсон юм бол?
--------

*.... өмхийрчихөж*

Анги цэвэрлэнгээ, самбарын алчуурыг үнэртсэн би чимээгүйхэн дуу алдав...
6-р цаг дуусахад хэдхэн минут дутуу байсан үе...

6-р цаг дуусахаар, секцэндээ явмааргүй байна гэсэн бодол, намайг шаналгаж байв...Битгий хичээл дуусаасай, битгий хонх дуугараасай...

Мэдээж миний хүссэнээр юм болно гэж юу байхав.
Хонх ч дуугардагаараа дуугарч, хичээл ч дуусдагаараа дуусав...

*Хөөе, Соу! Алив хурдан явахгүй бол загнуулна ш дээ!* хэмээн манай ангийн Миккүн, Шигэ 2 намайг дуудав...

Дунд сургууль (13-15 нас) орсон даруйдаа би Теннисний секцэнд бүртгүүлсэн юм.
Би гүйхдээ хурдан байсан боловч, бөмбөгтэй хөөцөлддөг спортод бол олиггүй, хөл бөмбөг, сагс, воллеибол гэж сонсохоор л бараг бөөлжис цутгадаг хүүхэд байсан юм л даа.

Тэгээд, ракетт энэ спорт бол, би ч байсан гэсэн гайгүй байж магадгүй юм шиг санагдаад, бас *Теннис* гэдэг нэрнээс мэдрэгддэг тийм *ЭМЭГТЭЙЛЭГ* шинж намайг энэ секцэнд орох гол үүрэг гүйцэтгэсэн мэт.

Бага зэрэг *ЭМЭГТЭЙЛЭГ* шинж үлдээнгээ, *Хүүхэн шиг! Охин шиг!* гэж шоолуулахгүйн тулд, биеийн тамирын секцэнд орсон минь тэр. Өөрийнхөө үнэн байдалыг үлдээнгээ, бусдад гайгүй харагдах арга барил олохын тулд, би сайн тооцоолон байж шийдсэн минь тэр.

*Эмэгтэй хүүхэд гэж бодсон шүү!*
*Нээрээ тийм юм тэ?*
*Яамар жижигхэн биетэй юм?*
*Хүүхэлдэй энэ тэр шиг тэ?*

Секцэнд орсон анхны өдөр, намайг тойрон хүрээлсэн ахлах ангийн хүүхдүүд ийнхүү хүлээн авав.

*Намайг Андо Соу гэдэг* хэмээн чангаар хэлэх миний хоолой, хувирахын өмнөх, өндөр (сопрано) тийм хоолой байв. Өндөр ч гэсэн, 140 см хүрэхгүй байсан би. Надаас хэзээний 20-30 см өндөр ахлах ангийн ах нарын хэлэх үгс намайг хайр найргүй ороолгож байв.

*Нээрээ яг охин шиг юм тэ? Чи тэгээд чадах уу?? Дасгал сургууль нилээд хүнд ш дээ?*

Хоолой ч хувираагүй байсан би, туранхай биетэй, жижигхэн нуруутай, урт үстэй, нүүр ч гэсэн эрэгтэй хүний гэхэд хэцүүхэн байсан үе. Мэдээж, өөрийнхөө доторх *ЭМЭГТЭЙ ХҮН*-ээ аль хэзээний мэдэрч эхэлсэн байсан үе байсан тул *Охин шиг* гэдэг үгийг их эмзэгээр хүлээж авдаг, болж өгвөл эсэргүүцдэг байв.

*Чадалгүй яадаг юм!!* хэмээн бага зэрэг сөргөлдсөн байдалтай хариулахад, *За, тэгвэл болж дээ* хэмээн инээх сэнпай.
Надаас хамаагүй өндөр, нуруу туруу сайтай сэнпай, аль хэзээний *ТОМ ХҮН* шиг санагдаж билээ.

Секцний дасгал, сэнпайгийн хэлсэнчлэн нилээд хэцүү байв.

*Ядарч үхлээ...*
Талаар нэг тарсан теннисний бөмбөгийг түүж дуусаад би Миккүнд хэлэв...

Секц тарсаны дараа, дунд сургуулийн нэгдүгээр ангийнхан үлдээд талбай цэвэрлэдэг юм л даа. Талбайд Миккун бид 2 л үлдсэн байсан үе.

Гэнэт, би теннисний талбайн түлхүүрийг орхисоноо санав.
Миккүнг явуулчихаад, ганцаараа түлхүүрээ хайхаар буцаад талбай руу зүглэв. Талбайгаа түгжчихээд тэр чигт нь түлхүүрээ авахаа мартаад орхичихсон байв.

Түлхүүрээ олсондоо баярлаад сууж байтал, ард гэнэт хөлийн чимээ сонсогдов...

*Түлхүүрээ хаалгандаа зоочихоод мартчихсан байлээ ш дээ* хэмээх хэн нэгэний дуу...
Анх секцэнд ороход *Үнэхээр чадах юм уу?* гэж асууж байсан сэнпайгийн дуу байв...

*Уучлаарай* (Энэ үгийг япончууд үгүй мөн их хэрэглэнэ тэ?) гэж хэлэнгээ, би Сэнпайгийн нэрийг санах гэж оролдож байв.

Саваяма бил үү, Саваниши бил үү, Савакита ч бил үү?? Ямар ч л байсан Сава-тай юм байсан даг...
Том биетэй, бүдүүн дуутай сэнпай нараас айгаад ч тэр үү, би ойртож ч очдоггүй байсан болохоор, нэрийг нь цээжилж амжаагүй байсан юм л даа..

Сэнпайтай учирсан тэр хавар... Би 12 настай, Сэнпай 14-тэй байв

*Харин алчуураа мартчихсан байлээ. Тэгээд ирээд харсан, түлхүүр зоолттой байна*
*Уучлаарай...*
*Уучлалт гуйгаад байх юм байхгүй ээ. Харин чи одоо эртхэн харь. Би түлхүүрийг чинь багш нарын өрөөнд аваачаад өгчхье*
*Үгүйээ, жижүүрээ дуустал нь хийхгүй бол...*
*Зүгээрээ. Ээж чинь хоолоо хийчээд хүлээж байгаа юм биш үү? хэхэ*
*Гэхдээ, сэнпайгаар түлхүүр зөөлгөсөн гэж мэдвэл, багийн ахлагч уурлах юм биш үү?*
*Гайгүй гайгүй. Загнах гэвэл би зөрүүлээд загначихна*...
*За ойлголоо, сэнпай* , би бөхөлзчихөөд, харихаар завдав.

*Андо, ингэхэд чи...*
*Айн?*
*Миний нэрийг санаж байна уу??*
*... аанн. Санаж байна, Сава XYZ сэнпай...(албаар төгсгөлийг нь сонсогдохооргүйгээр хэлэв)*
*Юу гэнэ ээ?*
*Сава XҮЗ сэнпай....*

*Савагийн ардаас юу гэж байгаа чинь ер ойлгогдсонгүй* гэж хэлээд Сэнпай инээж эхлэв.

Инээж байгаад, хэзээ гэнэт уурлах бол гэж бага зэрэг айж байсан боловч, би дагаад инээмхийлэв.

*Мура! Савамура гэдэг юм* гээд Савамура сэнпай инээв.

Сэнпайтай ярьсаны дараа харих замд яагаад ч юм нэг л догдолчихсон байв. Магадгүй, *ТОМ ХҮН* хэмээн хардаг байсан сэнпайтай юм ярьж зсэндээ ч юм уу, аль эсвэл өөрөө нэг их том хүн болчихсон юм шиг санагдсандаа ч юм уу...
---------------------------------

4 сар дуусах дөхсөн үе.
Секцэнд орсон хирнээ, ракет ч барихгүй, хөглөрсөн бөмбөг түүж, гүйхээс өөр зүйл хийлгэхгүй байгаад нь дургүй хүрсэндээ секцээ тасалж эхлэв.

Долоо хоног тасалчихсан, очиход илүү эвгүй болсоор, нэг мэдэхэд секцэндээ бүр очихоо больсон байсан үе.

5 сарын амралт (Японд 4 сарын сүүлээс 5 сарын эхэн хүртэл Голден Вийк гээд амралт байдаг юм) дууссаны дараах нэг өглөө.

*Соу! Алив босоорой. Секцний чинь сэнпай ирсэн байна* хэмээх ээжийн сэрэв.

Дөнгөж сэрчихээд, учраа ч олоогүй байсан би, юу ч болсон цонхоо онгойлгож харав.
Доор, Савамура сэнпай, дугуйтайгаа зогсож байв.

*Өглөөний мэнд хүргэе* хэмээн нойрмог дуугаар мэндлэх би.
*О! За алив гялалзаарай. Дасгал хийхээр явья! * хэмээн инээнгээ өгүүлэх сэнпай.

Яагаад ч юм нэг их дургүй санагдсангүй. Секцэндээ буцаж явмаар байсан боловч, эвгүй санагдаад явж чадахгүй байсан болохоор, явах боломж олдсонд баяртай байсан ч байж магадгүй.

Яаран байж хувцсаа өмсөөд гадагш гарав.

*Тэгтлээ яарах хэрэггүй байхад. Сонирхолтой хүн шүү. За алив ард сундал даа!* гэж хэлээд сургууль руу зүглэх сэнпай.

*Сэнпай. Дугуйгаар сургууль очвол загнуулахгүй юу?* . Манай сургууль, дугуйгаар сургуульдаа явахыг хориглодог байсан юм л даа.

* Загнуулах болохоор, замдаа дугуйгаа нуучихна. Өнөөдөр чамайг авах гэж л дугуйгаар ирсэн юм л даа*

Дугуйгаа нуучихаад, сургууль руу алхах замд. 3-р ангийн (манайхаар 9-р анги уу?) том ахтай зэрэгцэн алхах нь эвгүй санагдсан тул, жоохон ухаршийн алхав. Секцний сургуулилтын дараа хааяа нэг *Зүгээр биз дээ?* гэхээс өөр үг сольж үзээгүй сэнпай, гэнэт яагаад намайг авахаар ирсэн нь нэг л ойлгомжгүй, сонин байсан тул асуухаар шийдэв...

*Яагаад өнөөдөр намайг зорин байж тосч авсан юм бэ?*
*Ан. Энэ чигээрээ байвал, чи дугуйлангаасаа гарчихна биз дээ?* хэмээн огт юу ч болоогүй мэт хариулах Сэнпай. Яагаад ч юм, асар энгийн, ойлгомжтой зүйл асуусандаа бантаад би хэсэг чимээгүй болов.

*А, нээрээ тийм. Миний нэр хэн билээ?*
*Савамура сэнпай!!*
*Яаг зөв*

-----------

Энэ өдрөөс хойш, өглөөний дасгалтай өдөр бүр, Савамура сэнпай намайг тосч авдаг болов.
Хүүхэд насандаа байсан би, томчууд шиг анхнаасаа учиргүй дотно *юм шиг* харьцаж чадахгүй ч, бага багаар дасаж, дотносож байв.

Савамура сэнпайгийн нуруунаас *эрэгтэй хүн*-ий үнэр үнэртдэг байв.

Сургууль орох замд, сэнпай дандаа дэлгүүрээр ордог байв.
Тэндээс, талх, уух юм авна.

*Энэ миний өдрийн хоол. Манайх ээжгүй болохоор, хоол бэлдэж өгөх хүн байдаггүй юм л даа*

*Аан, тийм үү..*
и тухайн үед иймэрхүү зүйлийн учрыг сайн ойлгодоггүй байсан тул тэгэсгээд л өнгөрөөв.

*Чи юу авах уу?*
*Заа, тэгвэл ундаа. Дотроо жимстэйг нь*

Дэлгүүрийн худалдагч өвөө. Яагаад ч юм сампингаар тооцоогоо хийнэ.

*Энэ өвөө, өнөөдөр л алдаж тооцох болов уу гээд өдөр болгон хардаг юм. Даанч ерөөсөө алдаж өгөхгүй. Үнэн лаг байгааз?*

Иймэрхүү дэмий зүйл ярьсан шиг л өдөр хоног өнгөрсөөр.

----------------

Нэг мэдэхэд, миний хүнээс бишүүрхэх бишүүрхэл ч багасаад, сэнпайтай маш дотно болсон байв. Сэнпай ч гэсэн, нэг мэдэхэд миний асран хамгаалагч шиг тийм байдалтай.

Манай секцний ууланд авирах аялалын үеэр.
*Ааа*...
Гэнэт хальтарсан тул, урд алхаж байсан Савамура сэнпайгийн цамцнаас нь зуураад авав...
*Ядарч байна уу, наадахнаасаа бариад яв* гэж өгүүлэх сэнпай. Мэдээж залхуу юм чинь зуураад явна биз дээ?

Урд, хамраараа дуу аялан алхах сэнпай. Дунд сургуулийн хүүхэд атал, 180 см илүү өндөртэй сэнпайгийн нуруу, аавын минь нуруунаас ч том харагдаж билээ. Цагаан өнгөтэй цамц нь хөлсөндөө норчихсон аж... Эрэгтэй хүний үнэр...

Бид 2-ыг авирч гарахыг хүлээж байсан бусад сэнпай нар, бид 2-ыг харчихаад
*Энэ Савамура, Андог үгүй мөн эрхлүүлэх юм аа* хэмээн шоолов.

*Ан, харин тийм. Сармагчингийн зулзага шиг хөөрхөн байгаа биз дээ?* гээд Савамура сэнпай инээлээ...

Би, сармагчин гэсэн үгийг нь авч хэлэлцэлгүй *хөөрхөн* гэсэн үгийг нь сонсоод, нэг л баяртай байв.

*Тэгж их эрхлүүлвэл, найз охин чинь уурлана шүү!* хэмээн шоолох бусад сэмпай нар.
*Заа яг ш дээ* хэмээн инээх Савамура сэнпай
*Савамура, чи маниусыг бодвол хамаагүй царайлаг юм байж, заавал эрэгтэй хүн сонгох хэрэг байгаа юм уу?* хэмээн шоолох сэнпай нар.

Яагаад ч юм, юунд ч юм уур хүрээд, би сэнпайгийн цамцнаас илүү чангаар татав.
Найз охинтой гэнэ үү? Найз охинтой гэнэ үү??

---------------
Хэд хоногийн дараа. Аялалын гэрэл зургийн индексийг үзэж байтал, Савамура сэнпайгийн цамцнаас атгачихаад, шамшийталаа инээчихсэн зураг байв.

*Угаалгамаар байгаа зурагныхаа доод талд нь нэрээ бичээрэй* гэхийг сонсоод, энэ зургийг авахаар хартал, зурагны доод талд Савамура сэнпайгийн нэр байв..

Сэнпай ч гэсэн энэ зургийг авмаар байгаа юм байна шүү дээ! гэж бодохоор дотор сонин болоод, баярласандаа доод талд нь өөрийнхөө нэрийг бичив.
---------------------------

Ангийн цэвэрлэгээгээ гялс дуусгачихаад, ахлах ангийнханы байдаг хэсэг лүү яарах би.
*3-ын Г*...

Алхаж байтал *Ан, Савачан, өнөөдөр жорлон цэвэрлэж байгаа* хэмээн, Савамура сэнпайгийн ангийн Номура-сан зааж өгөв...

Жорлон луу очиход, Савамура сэнпай, цаашаа хараад шагайгаад суучихсан, жорлонлуу шүршүүрээр ус цацаад сууж байв.

*Сэнпай!* хэмээн албаар чангаар хашгиран дуудахад, Савамура сэнпай цочин эргэж харна.

*Өдөр болгон ирэх юм, уйддаггүйээ?* хэмээн өгүүлэх сэнпай.

*Үгүй, юу гэж уйдах юм. Сэнпай, сонирхолтой юм яриад өг л дөө*
*Заа байз, юу ярьж өгөх вэ*
*Юу ч байсан хамаагүй* гээд би сэнпайгийн бүснээс нь зулгаав
*Битгий зулгаагаад бай л даа* хэмээн инээх сэнпай.

Сэнпайгийн ярьж өгдөг ярианд би их дуртай байж билээ.
Янзан бүрийн юм сайн мэддэг бөгөөд, сансар огторгуйн тухай, хүний эс эдийн тухай, дээр үеийн тухай гээд, миний мэдэхгүй, сонирхож ч байгаагүй зүйлсийн тухай олон зүйл ярьж өгдөг байв.

Би, зөвхөн секц, дадлага ч биш, зав л байвал сэнпайгийн эргэн тойронд байх болсон байв.

---------------------

6 сарын сүүл..
Манай гэрийн ардхан талын жижигхэн цэцэрлэгийн хажууд таксфон байдаг байв.
Яагаад ч юм, сэнпайтай утсаар ярьж үздэг ч юм уу гэж санаанд орсоноос хойш, тэр бодол толгойноос гардаггүй болов.

Утсаар ярьж үзмээр хирнээ, утсаар ярихаас нэг л айгаад. Хамт байхдаа зөндөө их юм ярьдаг хирнээ... Гэрээсээ ярьж болох байсан ч, яагаад ч юм гэрээсээ ярьмааргүй байлаа.

Хэд хоног эргэлзсэний эцэст, секцнийхээ контакт лист-нээс сэнпайгийн утсыг хайв. Савамура Казуши. Цэцэрлэгийн хажуудах таксфоноос утасдаж үзэв.
Хэсэг дуудуулсаны дараа, Савамура сэнпайгаас жоохон өөр хоолойтой эрэгтэй хүн утсаа авав...

*Байна уу?*
*Байна уу. Андо гэдэг хүн байна. Казуши-сан байгаа юу?*
*Ан, Андо юу?*

Өөр сонсогдсон тэр хүн Савамура сэнпай байв. Түүний хоолой, ердийн үеийнхээсээ арай бүдүүн, тэгээд арай зөөлхөн сонсогддог юм билээ.

*Яасан*
*Зүгээр л*
*Хаанаас ярьж байгаа юм?*
*Гэрийн хажуугийн таксфон....*
*Сая харьсан юм уу?*
*Анхан*
*Яагаад таксфоноос?*
*Зүгээр л... Эртээр хажуугаар нь өнгөрөхдөө сэнпайтай ярьж үзмээр санагдаад*
*Тэгээд утасдахгүй яасан юм?*
*Нэг л чадахгүй байсан юм*
*Сонин баагий шүү, хэхэ*
*Харин тийм ээ... Сэнпай юу хийж байгаа юм?*
*Юу ч хийгээгүй, гэртээ хөгжим сонсоод хэвтэж байсан юм*
*Юу сонсож байгаа юм?*
*Байжээ даа, энэ дуу*
Сэнпай сонсож байгаа дуугаа сонсгоно.

Хоёр өөр орчинд байгаа хирнээ, хоорондоо холбоотой байх тэр л сонин мэдрэмж...
*Ан, бороо ороод эхэлчлээ*
*За тэгвэл, ширүүсэхээс нь өмнө хурдан харь*
* Зүгээрээ, бороо зогстол хүлээхээс. Сая 100 иен хийчихсэн болохоор, дахиад 30 минут ярьж чадна!*
*30 минут... Юу ярьдаг юм билээ*
*Харин ээ...*


Сэнпайг *Ннн,,, Юу ярьдаг юм билээ* гэж хэлэхэд яагаад ч юм их дуртай байж билээ..

Намайг ямар нэг юм ярьж өг гэхэд, яахаа мэдэхгүй бодлогоширсон шинжтэй хирнээ, инээмсэглэх зөөлхөн тэр царай. Тэгээд, жоорноосоо сонирхолтой зүйл ярьж эхлэх тэр царай...

Утасны цаанаас царай нь харагдахгүй ч, тэр царайг нь төсөөлөхөөр нэг л тайвширмаар юм шиг...

*За тэгвэл аймшгийн юм ярьж өгөх үү?*
*Нээрээ юу? тэгээч?*
*Нэгэн бороотой үдэш...*

-----------------

Хичээлийн дараах секц дуусчихаад гэрлүүгээ харих замд.
Сэнпайгийн дугуй тавьдаг газар очиж хартал, дугуй нь алга байв.

*Сэмпай харьчихсан юм байхдаа* гэж бодоход, нэг л ганцаардмал санагдаж байв...

Саяхан л хамтдаа секцэндээр уулзсан атал, маргааш өглөө ирж авах атал... Тухайн үеийн миний бүх юм сэнпай болчихсон байв. Хором тутамд сэнпай санаанд ороод л..

Ингээд гэрлүүгээ алхаж явав. Замын гэрэл дээр ирээд, ногоон болохыг нь хүлээгээд зогсож байтал, ард чимээ гарах сонсогдов...
Муу хүн, хачин хүн амьтан битгий байгаасай хэмээн бодонгоо урагшаа хараад байж байтал, гэнэт мөрөн дээр хүний гар...

*Гяаааааа* хэмээн орилоод эргээд хартал, надаас дутуугүй цоччиxсон сэнпай зогсож байв...

*Яаж цочихоороо ингэж орилдог байна аа. Сүнс зайлчих шахлаа*
*Чамайг цочоохоор чинь аргагүй ш дээ*
*Нээрээ ч тийм юм даа. Уучил уучил*
*Сэнпай энд юу хийж байгаа юм?*
*Ан, чамайг жоохон цочоох гээд л, хэхэ. За алив, ард талд сундал, хүргээд өгье*

Би сэнпайгийн араас чанга тэврээд сундалдав. Жоохон хүүхэд байсандаа ч тэр үү, хүмүүсийн өмнө чанга тэврэхээсээ айж сандрах зүйл байхгүй байлаа.

*Битгий тэгж наалдаад байгаач. Хөлс үнэртэхгүй байна уу?*
*Нээрээ тийм байшд. Сэнпай ёстой шаал өмхий байна гээд л бодчих*

Иймэрхүү юм ярьсан шиг гэрийн үүдэнд ирэв.

*Хүргэж өгсөнд баярлалаа*
*Ан, зүгээр зүгээр*
*Маргааш өглөө ирнэ биз дээ?*
*Тэгэлгүй яахав. Гэснээс, энэ хагассайнд. Дасгал байхгүй дээ? Би явж кино үзэх санаатай. Чи ирэх үү?*
*Кино? Тэгье!*
*Ямар кино гэдэгээ хэлээгүй байхад, хэхэ*
*Ямар кино ч байсан яахав. Үзье үзье!*

Ингэж хэлсэнийхээ дараа, би гэнэт нэг юм санав.

---------
Сэнпай, найз охинтой гэж мэдээд, тэр охиныг нь харахаар би нэг удаа явж байж билээ. 3-А-ийн Такасуги-сан.
Би ахлах ангийнхны ангийн тэнд очоод байж байхад, манай секцний ах дайралдсан юм.
*Сэнпай. Такасуги гэдэг эмэгтэй, аль хүн бэ мэдэх үү?*
*Такасуги? Ан, тэр жорлонгийн тэнд зогсож байгаа охин*
*Аль?* гэж хэлээд би дөхөхөөр явав.
Сэнпай, тэгэхэд, их л даапаалсан маягтайгаар *Аан, Савамурагийн найз охин болохоор нь харах гэж ирээ юу?* хэмээн надаас асуув.
*Үгүйээ, зүгээр л*...

Ингэж хариулаад харсан, давхраатай нүдтэй, шулуун үстэй, хөөрхөн охин харагдаж билээ.
-----------------

*Ингэхэд сэнпай? Яагаад найз охинтойгоо явахгүй байгаа юм?? Нэг удаа харж байсан, аягүй хөөрхөн эгч байсан ш дээ...*

*Ан. Аль дээр үед салчихсан ш дээ*

Салчихсан... Салчихсан гэнэ ээ??
Яагаад ч юм, баярлаж болохгүй зүйл гэж мэдсээр байж, би их л баяртай байв.


*За, сэнпай, хагассайнд шүү!*

-----------------
Хагассайны өглөө.
Метроны буудал дээр 12 цагт уулзая. Тэгэж тохирсон байсан атал, би 10 минут хоцорч очив.
Гүйхээр, борооны шалбаагт хамаг байдгаараа гоёсон цагаан хувцас маань заваарчих гээд байсан тул, яарч байсан ч гэсэн, алхан байж буудал дээр очив.

Борооны шүхрээ хамхин байж, эргэн тойрноо харах над руу даллах нэг хүн.
Сэнпай байлаа. Дандаа өмсдөг форм ч юм уу, бэлтгэлийн хувцас биш, харин жийнс, футболка өмссөн сэнпай.

*Соорий. Хоцорчихлоо*
Сэнпайтай сургуулиас гадуур уулзах нь анх удаа байв. Тийм учраас, жирийн хувцастай байхыг харах нь ч гэсэн анх удаа. Футболканы цаанаас харагдах цээжний булчин, ханцуйнаас цухуйх булчинлаг гар... Энгийн хувцастай сэнпай, бүр ч илүү *ТОМ ХҮН* шиг харагдаж байв.

*Хөө... Ийм хувцас өмсдөг юм бий вий* гэх Сэнпай.
*Яасан? Онцгүй байна уу?*
*Үгүйээ. Зүгээр, тийм ч эрэгтэйлэг хувцас өмсдөггүй юм байна тэ? Санаж байсаны дагуу!*

Энэ үеэс би, болж өгвөл эрэгтэйлэг ч биш, эмэгтэйлэг ч биш, тиймэрхүү жендер фрий маягийн хувцас өмсөх дуртай байсан юм. Яагаад ч юм, бүхнийг тааж мэдээд байгаа юм шиг санагдаад ичингүйрэнгээ *За за, алив явья* хэмээн сэнпайг яаруулав...

Хагассайн болоод ч тэр үү, эргэн тойронд оюутан хосууд, сурагч хосуудаар дүүрэн.

*Бид хоёр, ах дүү хоёр шиг харагдаж байгаа байх даа?*
Бага ангийн сурагч шиг жижигхэн биетэй би, 180 см өндөртэй сэнпай. Яаж ч харсан найзууд гэхэд хэцүү хоёр.
*Аягүй бол аав хүү хоёр гээч?*
*Паах, сэнпай хэдтэй болоод байна аа?*

Кино, эмгэнэлтэй дурлалын түүх байсан санагдаж байгаа боловч, бараг санах юм алга.
Кино тарсаны дараа хоол идэнгээ, би гэрийнхнийхээ тухай, ямар ядуу тухайгаа зөндөө их ярив.
Яриж байх явцдаа, сэнпайг гэрийнхнийхээ тухай огт ярьдаггүйг анзаарав...Дээр нэг ээж байхгүй гэж хэлж байсанаас өөрөөр...

Харих замд.
Дугуйнд нь сундалдангаа би Сэнпайтай яриад л байв.

*Өчигдөр, догдлоод, ерөөсөө унтаж чадаагүй*
*Ан, тэгээд кино үзэж байхдаа унтаад байсан юм уу?*
*Унтаагүй ш дээ*
*Унтаад л байсан даа!*
*За за, бууж өгье. Унтсан*...

иймэрхүү юм ярьж яваад яагаад ч юм би, өөр нэг сэнпайгийн тухай ярианы сэдэв рүү оров.

*Өчигдөр тэр сэнпай утасдаад, тэгээд нэг мэдсэн цаг гаруй ярьчихсан байсан. Анх удаа л тэгж их ярьлаа. Тийм ч аймаар хүн биш юм байлээ тэ?* хэмээн намайг өгүүлэхэд *...Ан тийм үү* гэхээс өөр юм өгүүлсэнгүй.
Түүний дараа, гэнэт юм ярихгүй чимээгүй болох сэнпай.
Савамура сэнпай, намайг секцнийхээ бусад хүмүүстэй найзархаг байхаар ихэвчлэн иймэрхүү байдагийг санав...
(Дэмий л хэллээ...)

Хэсэг чимээгүй байсаны дараа..

*Андо*
*Яасан?*

*Чамд би таалагддаг уу?*
Тэрээр, над руу харалгүйгээр, урагшаа харангаа тийнхүү асуув..

*Э?* гэнэтийн асуултанд би юу гэж хэлэхээ мэдэхгүй алхаагаа удаашруулав..

*Таалагддаг уу?* ингэж хэлэх сэнпайгийн хоолой, нэг л өөртөө итгэлгүй мэт сонсогдож байв...

*Ннн.. Мэдээж таалагддаг. Сэнпай, сонирхолтой шд!*
*... Сонирхолтой... тэгээд л болоо юу?*
*Үгүйээ, бас эелдэг*
*Тэгээд л болоо?*
*Нн....*

Би өөртөө яагаад Сэнпай таалагддаг талаар бодож тэгж гүнзгий бодож байсангүй. Таалагддаг болохоор л таалагддаг!

Томчууд *найз нөхөрлөлийн* таалагддаг, *хайр дурлалын* таалагддаг гэх мэтээр *таалагдах* гэдэг сэтгэлийн хөдлөлийн янз бүрээр хувааж ойлгодог боловч, хүүхэд байсан надад арай хэцүүдсэн асуулт байв.

Юу гэж хариулахаа мэдэхгүй гайхаж орхив..

*нн.. За за тэр ч яахав*
Хэсэг дуугүй байсаны эцэст, Сэнпай зөвхөн өөртөө өгүүлэх мэт ингэж хэлээд дуугуй болов.

*Яагаад байгаа юм бэ?*

Сэнпай, надтай нүд тулгарахгүй зугтаагаад байх шиг байсанд, заавал нүдэнд нь харагдахаар, урдуур нь гүйн очоод би асуув...

Сэнпай, надтай харц тулгарав. Нүд нь, дандаа байдагаасаа нэг л тийм итгэлгүй байдалтай харагдав. Уруул нь хөдлөх шиг харагдав.
Нэг юм хэлэх гэсэн юм байхдаа? хэмээн бодохын завдалгүй, уруул дээр сэнпайгийн уруул... Нэг тийм зөөлхөн мэдрэмж.. Ердөө нүд цавчих хоорондох мэт богинохон хугацаа.

Гайхсандаа, юу ч хэлж чадахгүй сэнпайг харав.

*Андо* хэмээн сэнпайгийн намайг дуудах бүдүүн хоолой.
Тоглож байхдаа тэвэрч авдаг байсан тэр л нуруу.
Ууланд авирч байхдаа зуурч авч байсан тэр л цамцны үнэр
Дороо хардаж байгаа мэт авирлах тэр зан
Сэнпайтай холбогддог таксофон,...

Энэ өдрийг хүртэл түүний талаарх бүх зүйл, толгой дотроос цээж рүү урсан орох шиг болов...

Савамура сэнпай
Савамура сэнпай

Цээж дүүрэн оргиод, нэг л хүндүүртэй ч юм шиг...
Гүнзгий амьсгаа аваад, дахин сэнпайгийн нүд рүү харсан тэр л мөчид...

Миний доторх *ЭМ ХҮН*, хүүхэд гэсэн бүрхүүлийг уран байж гарч ирэх чимээ сонсогдох шиг болов.

Бид 2 дахин үнсэлцэв.

-----

Дууссаны дараа.

Хоюулаа эргэн тойрноо харсаны дараа, инээлдэв.
*Үнсэлцчихлээ!* хэмээн ичнгүйрэн хэлэх би.

*Харин тийм* гээд, улам хүүхэд шиг болсон царайгаар өгүүлэх сэнпай.

------------------------------

TO BE CONTINUED

9 comments:

Anonymous said...

ene zohiol baina oo... 14 nastai 180 cm undurtei Japan gehed yordoo sanaand buuhgui baina hehe

bayabaga said...

Yag l dundaj standartnii yapon durlal mon doo..kk..sonin humuus shuuu..tghedee Mani Hun baga Zereg goyochilson baina tee?

Anonymous said...

ene khuukhen ingej goyo bicheed baina uu? patate darga ingej goyo orchuulaad baina uu?
bayabaga san: mani khun baga zereg goyochilson baina gej kheniig kheleed baina?

soulmate said...

гоёайнаа армаанчик юм уншаагүй удсан байна үргэлжлүүлээрэй по даргаа

patatepatata said...

anonymous:/. 14 nastai 180 cm mongol gevel sanaand buuh uu? hehe
Minii bodloor ihenh huuhed 14-16 nasandaa na biyed hursen uyeiinhee undurt hurdeg yum shigee. Minii l gehed usult 15taidaa zogsson bolohoor. 180tai yaponchuud baidag bolohoor boloh yum bish uu?

bayabaga:/. uyangyn haliltai yuu te? hehe

anonymous:/. zia daa, minii l avyaas bolov uu, lol

soulmate:/ hehe. zavtai uyedee orchuulna aa.

freestyle529 said...

уянгын халилтай байсан ч хамаагүй маш их таалагдаж байна. энэ хүүхэн (хүүхэн гэж болох байгаа?) яг л борооны чимээ шиг бичдэг юм. эсвэл орчуулга нь үнэхээр сайн болохоор тэгж буудаг юм болуу?

BorlaSQue said...

агуум аа?

patatepatata said...

freestyle://. boroony chimee shig geed l, lag uyangyn haliltai ain? hehe

ene huuhen ug ni "altan shargal naran" enee teree gesen zuirlel, zuraglal ih bichdeg yum. bi l teriig ni tovchilcgihood baigaa bolohoos...

anirgui:// yuu terev?

BorlaSQue said...

ийм энгийн хэцүү зүйл байхгүй байгаа нь атаархмаар сайхан байна