Thursday, September 02, 2010

Ando So 3

*Чи айлд ямар орой болтол байдаг юм! Айлын хүмүүст садаа болоод!*

Намайг гэртээ харихад оройн 10 болох гэж байлаа. 12 настай хүүхдийн гэртээ харьдаг цаг бол яавч биш...
Ээжид загнуулангаа *ан, зүгээр* хэмээн юу ч бодолгүй хариулаад, өрөөндөө орлоо.

Биен дотор ямар нэг юм үлдчихсэн юм шиг нэг л сонин. Толгой доторх ч гэсэн, харьж ирээгүй хаа нэгтээ байгаа юм шиг... Хэвтэнгээ таазаа ширтэн хэсэг хэвтэв

*Хоолоо ид!* хэмээн өрөөний хаалга онгойлгох ээжийн царайг яагаад ч юм харж чадсангүй.

Сэнпайн гэрээс харих замд.
*Хүргээд өгье* гээд дугуйндаа сундалдуулах сэнпай.
Яагаад ч юм нэг л ичээд, сэнпайгийн нуруунд аль болох наалдахгүйг хичээн суусаар хүргүүлэв.

*За, маргааш уулзая* хэмээн, намайг гэрт хүргэв үү үгүй юу ичингүйрэн байж хэлээд, дугуйгаа эргүүлэх сэнпай.

*Байжээ даа* гэж хэлээд дугуйнаас нь татав.
Уг нь эргэж харангуут нь үнсэе гэж бодсон боловч... яагаад ч юм ичээд чадсангүй, харин баруун гараа сунгав

*Гар бариад байхдаа яадаг юм* хэмээн сэнпай инээсэн боловч, энэ өдөр гар бариад салав.


-------------------
Сургуулийн эхний улирал дуусаад зуны амралт эхлэв.
Хичээл амарсан ч, секцэндээ бол явсан хэвээрээ.  Дасгал сургуулилтанд дургүй боловч, Савамура сэнпайтай уулзана гэсэн шалтгаанаар л...

8 сарын 1.
Савамура сэнпайгийнд очоод салют буудахыг үзэж байв.
Хажуудаа хүйтэн ундаа, жоохон чихэр тавьчихаад.

*Тусгай суудал шүү!* хэмээн онгирох Савамура сэнпай.

Пан!!

*Ооо! Салют!*
Ийнхүү салют харангаа гэнэт багын явдал санаанд ороод сэнпайд ярьж эхлэв.

*Жоохон байхад, бага сургуульд*
*Бага сургуульд нодлин болтол байсан биз дээ? хэхэ*
*Бишээ, бага сургуульд дөнгөж орсоны дараа*
*Анхан*

* Бага байхдаа би бие муутай байсан юм л даа. Бие муутай болохоор ээж гадаа тоглуулахгүй. Тэгээд балкон дээр гараад сууж байсан, *Юу хийж байгаа юм?* гэх чимээ сонсогдов.
Хажууд байрны эгч. Манай цонхны эсрэг талын цонхноос.  Тухайн үед бодвол 30 орчим настай байсан тэр эгч намайг хараад инээж байв.

*Өвчтэй болохоор гадаа тоглож чадахгүй. Энд тоглож байгаа юм*
*Өвчтэй? Тийм бол орондоо ороод хэвтэхгүй бол болохгүй шүү дээ!*
*Зүгээр*

Ердөө л ийм яриа.  Тэр үеэс хойш, намайг балкон дээр тоглох болгонд тэр эгч юм ярьдаг болов.

Тухайн үед энэ эгч юу хийдэг юм бол хэмээн нилээд гайхдаг байв.
Гадуур огт явахгүй, хүн амьтантай цуг байгаа ч харагдахгүй.

Хүүхэд байхад яагаад ч юм *ойртож болохгүй, жоохон сонин айл* гэсэн маягтай байдаг байж билээ.  Гэвч, ийнхүү ярилцаж эхэлсэнээс хойш, нэг мэдсэн тэр эгчид дуртай болчихсон байлаа.
Миний бие сайжраад, гадаа тоглодог болсоны дараа ч гэсэн хааяа юм ярьдаг болтлоо.

Бага сургуулийн 3-р ангийн зун.  Гэрийнхэнтэйгээ салют үзэхээр явсан, би төөрчихөв.
Гэрийнхнээ хайгаад явж байтал *Сайн уу!* гэх чимээ. Эргээд харсан, тэр цонхон дээрх эгч байв.
*Төөрчихсөн юм уу?*
*Анхан...*
*За тэгвэл хамтдаа салют харах уу?*
*Анхан!*

Тэгээд, салют харангаа, тэр эгчийн нүүр лүү харсан, салют харах болгондоо их баясгалантай царайтай байлаа. Би яагаад ч юм нэг л баяртай санагдаад, барьсан гараа чанга атгаж билээ.  Тэр эгч надруу харж инээснээ, толгойг минь илж билээ*

*Тэр хүн одоо тэгээд яасан юм?*  Салют харангаа сэнпай надаас асуув.

*Ннн... Нүүгээд явчихсан. Тэр зун, хамгийн сүүлд тэр эгчийг харсан минь тэр салютны үеэр л.  Сүүлд ээжээс асуусан, залуухнаараа хүнтэй гэрлээд, хүүхэдтэй болсон боловч, хүүхдээ алдчихаад, сэтгэлзүйн өвчин тусаад,нөхрөөсөө салчихаад, тэгээд сүүлд нь гэр лүүгээ нүүсэ гэж байсан*

*Гоё түүх байна*
*Э? Яагаад?*
*Чи тэр эгчийн талаар эргэн дурсаж байгаа юм чинь*
*Тийм гэж үү?*
*Анхан. Чи, миний тухай хэзээ нэгэн цагт иймэрхүү маягаар эргэн дурсах болов уу?*
*Яахаараа? Сэнпайтай байнга хамт байх юм чинь, эргэн дурсах энэ тэр гэсэн юм байхгүй юм биш үү?*

Ингэж хэлэнгээ нэг л цээж хүндүүрлэн байв...

*.... Нээрээ ч тийм дээ. Тийм...*

Сэнпай, гартаа барьсан ундаагаа нөгөө гартаа шилжүүлээд, тэр л өдөр тэр эгч миний гарыг атгасан шиг атгав...

*Ингэсгээд дуусах дөхөж байна. Энэ зуны сүүлчийн салют, ямар өнгөтэй байх бол?*
Цагаа харангаа сэнпай ийнхүү хэлэв.

*Улаан байхаа!*

*Тэгвэл би цагаан!*

Бид хоёр чимээгүйхэн сүүлчийн салют буудахыг хүлээв.
Паан!!!

*Аа! Улаан байсан шүү!!!*
Ийнхүү орилох миний дуу, салютны дуунд дарагдав...

-------------------

*Хэзээ буцаж ирэх юм?*
*16нд. Сэнпайгийн төрсөн өдрөөр*

Зуны амралтаар, би аавын талын өвөөгийнх рүү явах болов.  Үүнийг аль дээрнээс сэнпайд хэлсэн байсан боловч, өдөр болгон, явах өдөр ойртох тусам дахин дахин асууж байв.  8 сарын 16н, сэнпайгийн төрсөн өдөр байсан юм.

*Ан, тийм үү...*
*Анхан. Төрсөн өдрийг чинь тэмдэглэнэ шүү за?  Ингэхэд, намайг хөдөө явчихаар ганцаардана гээд гуниглаад байгаа юм биш биз дээ?* хэмээн дооглонгуй намайг асуухад
*Яг ш дээ. Харин ч хичээл давтах завтай болно гээч* хэмээн өөдөөс хариулах сэнпай.
*Дандаа саад болдог гээд байгаа юм уу?*
*Ер нь тэгэж хэлсэн ц болох юм биш үү, хэхэ. За тэгээд сайн яваарай*
Жоохон тунирхсан байдалтай ийнхүү хэлэх сэнпай, надаас илүү жоохон хүүхэд шиг харагдав.

*Байна уу? Сэнпай юу?*    Цаг хугацаа зогсчихсон юм шиг хөдөөний 12 цагт би сэнпай луу залгав
*Оо!*
*Шиманэ-гаас ярьх байна ш дээ. Юу хийж байсан юм?*
*Юу ч хийгээгүй ээ, дэмий л...*
*Ааан. 3 хоноод харьлаа ш дээ!*
*Урт юм аа...*
*Сая помидор идсэн байхгүй юу. Лаг чихэртэй гээд л бодчих*
*Помидор чихэртэй гэнэ ээ?*
*Харин тийм. Помидор хирнээ чихэртэй. Худлаа гэж бодвол, авч очно оо за?*
*За, хүсэн хүлээж байхаас, хэхэ*

Утсаа тавьчихаад би ногойн талбай орж помидор түүв. Илүү чихэрлэг ихтэй байх маягийн, час улаанаас нь шилж байгаад.
------------------------
Гэртээ хариж ирэхэд нилээд орой болсон байв.
Сэнпайтай утсаар ярьчихаад, найздаа бэлэг өгчихөөд ирье гэж гэрийнхэндээ хэлчихээд сэнпайнх руу явав.  Үүдэнд нь ирсэнийхээ дараа, төрсөн өдрийн картыг нь мартсанаа санав.
Буцаад гэрлүү..

Яаран байж мартсан картаа авчихаад буцаад явж байв. Сэнпайгийн гэрийн хажуухны гарцан дээр... Хурдан ногоон гэрэл асаасай гээд хүлээж байтал, замын нөгөө талд хүний сүүдэр харагдав.  А! Сэнпай!

*Сэнпай!* хэмээн дуудахад
*Санаа зовлоо ш дээ. Ямар удав аа?* хэмээн жаал тунисан сэнпайгийн царай.
*Ан, харин гэрт юм мартчихаад...*
*Аан.*
Ингэж хэлээд сэнпай миний барьж явсан уутыг авав.

*О! Торт байшд!*
*Нөгөө уутанд нь помидор байгаа!*
*Баярлалаа*  ичингүйрэн байж сэнпай инээвхийлэн өгүүлэв.

*Лаг чихэртэй гээд л бодчих. Зөндөө шилж сонгосон юм!*
*Шилж сонгосон гэхэд, зөндөө олон байшд*
*Харин, аль нь чихэртэйг нь сайн мэдэхгүй болохоор, хэхэ*
*Тэрийг чинь шилж сонгосон гэдэггүй биз дээ?*
*Нээрээ ч тийм юм уу...*

4 хоног уулзаагүй төдий боловч, их удаан уулзаагүй юм шиг санагдаж байв.

Сэнпайгийн гэрт ирээд, лаа үлээгээд тортоо идэв.

*Сэнпай 15 хүрчлээшд! Өвөө болж байна даа!!!*
*Чи ч гэсэн 13 хүрээ биз дээ?*
*Гэхдээ дөнгөж 13 юм чинь!*

Сэнпай бид 2-ын төрсөн өдөр, 10 хэдхэн хоногийн зөрүүтэй байсан юм.  Сэнпай надад цаг бэлэглэсэн юм.  Хар арьсан бугуйвчтай, бугуйн цаг.

*Ан тийм, май энэ бэлэг!  Төрсөн өдрийн карт, ном хоёр*
*Ямар ном юм?* гээд харсанаа, сэнпай хөхөрч эхлэв.
*Англи үгийг хэрхэн цээжлэх вэ* гэсэн нэртэй ном байсан юм л даа..

*Яаж яваад ийм ном сонгодог байна аа, хахахаха* хэмээн хөхрөх сэнпай, юунд инээсэнийг нь сайн ойлгосонгүй

*Эртээр номын дэлгүүрт ороход энэ номыг хараад байсан биз дээ?*
*Аа. Санаж байсан юм уу? хэхэ. Баярлалаа. Хичээлээ сайн хийхээс* гэж хэлээд, сэнпай их л баяртайгаар номын хуудсыг эргүүлэн харав.

*Харин тийм. Тэгээд мундаг ахлах сургуульд ороорой! Гэхдээ ахлах сургуульд ороод битгий өөрчлөгдөөрэй за?*

*За. Өөрчлөгдөхгүйээ*
Ийнхүү хэлэхэд яагаад ч юм нэг л хүйтэн болох шиг санагдав.

Тортоо идэж дуусаад, помидороо идэв.

*Ннн.. Миний энэ идэж байгаа тийм ч чихэртэй биш байна. Сэнпайгийнх ямар байна?*
*Гоё амттай ч гэсэн, чихэртэй гэхээр бол биш юм аа...*

Ийнхүү идсэн боловч, чихэртэй помидор дайралдсангүй...

Гэдэс дүүрээд, дээрээс нь өглөө эрт гарсандаа ч тэр үү, нойр хүрээд хэвтэж байтал, эмэгтэй хүний чарлах дуу сонсогдов..
Сэрээд сонстол, хөгжмөөр эмэгтэй хүн дуулж байгаа нь тэр аж.

*Сэнпай, энэ юу гэж чарлаад байгаа юм?*
*Стэй вис ми гэжийнэ*
*Гэдэг нь юу гэсэн үг юм?*
*Надтай хамт байгаач гэх юм уу даа*
*Гуйж байгаа юм уу?*
*Анхан*
*Гунигтай юм тэ?*

Энэ дуунаас болоод ч тэр үү, нэг л цээж хүндүүртэй болоод, сэнпайг тэврэв.
Гар, цээж, сэнпайгийн нөгөө дассан гар цээж байв.

Энэ өдөр *Надтай хамт байгаач* гэж чарлаж байсан хүн, тэр дуучин байсан юм болов уу, би байсан юм болов уу?
---------------

Зуны амралт дуусаад, сэнпай болон 3-р ангийнхан бүгд секцээ төгсөв. Үүнийг далимдуулаад би ч гэсэн секцнээсээ гарав.

*Чи нээрээ!* хэмээн халаглах сэнпайгийн өөдөөс *гараад, харин ч сэнпайтай их уулзаж чадах юм чинь* хэмээн инээх би.

Үүнээс хойш, би сэнпайгийн гэрт очих нь ихэссэн боловч, нэг л сонин санагддаг нэг зүйл байсан юм.
Юу вээ гэхээр, сэнпайгийн гэрт, сэнпайгаас өөр хүн амьдардаг шинж байхгүй.
Сэнпай ээжгүй гэдгийг бол сонсож байсанл даа. Гэхдээ, аавтайгаа амьдардаг баймаар юм? Сэнпайгийн гэрт угаасан хувцас ч гэсэн, сэнпайгийн л хувцас байдаг байв.

Өрөөнд нь тоглоом тоглож, зурагт үзэж уйдахаараа, сэнпай дандаа нөгөө сонсдог СД-гээ тавьдаг байв. Стэй вис ми ч дажгүй байсан ч, надад хамгийн сүүлчийн уянгын дуу их таалагддаг байв.

Үүнийгээ сэнпайд хэлэхэд *Би ч гэсэн дуртай* гэв. Үүнээс хойш, тэр дуунд улам дуртай болох би.

------------
10 сард.  Сэнпайгийнд хонохоор ярилцав.
Энэ талаараа ээжид хэлтэл  *Айлд садаа болохгүй биз? Аав ээжтэй нь нэг ярихгүй бол...* гээд утсаар ярив.

*Аа. Аав ээж нь байна уу?  Аа тийм үү? За тэгвэл мэнд хүргээрэй*
гэж хэлээд утсаа тавих ээж.

*Их төлөвшсөн байрын хүү байна шүү?  Аав ээж нь байхгүй байна гэнэ. Одоо чамайг ирж авна гэнэ ээ*

Сэнпайтай сундалдаад гэр лүү нь явж байх замд, өгсүүр зам гарч ирэв.
*Алив сэнпай буу. Би унаад дээшээ гарья. Та алхаад хүрээд ир* гэж хэлээд дугуйг нь булааж авав.  Дугуй унаж байснаа, сэнпайд онгирмоор санагдаад, гараа тавин дугуй унав... Гэнэт барьцгүй болон, унах шахаад, сандран зогсоов.

*Ёоё. Үхэх шахлаа* гээд инээн сэнпай луу хартал, хөмсгөө зангидан зогсох сэнпай.
*Яах гэж тэгэж байдаг юм аюултай шүү дээ!* хэмээн загналаа.

Сэнпайг уурлаж байхыг анх удаа харж байгаа минь энэ...

Сэнпайгийн өрөөнд.
*Сая загнасанд уурласан уу?* хэмээн асуух сэнпай
*Үгүйээ. Гэхдээ дахиж тэгэхгүй ээ.*
*Харин тийм! Аюултай юм луу битгий сарваганаарай. Чамд ямар нэг юм тохиолдвол, би яахаа ч мэдэхгүй шүү дээ..*
*За*

Хэсэг чимээгүй байсаны дараа, сэнпай асуув..

*... Чи надад хайртай юу?*  Миний хурууг оролдонгоо, доошоо харангаа, аяархан дуугаар.
*Зөндөө их хайртай!*
*Баярлалаа*  гэж хэлээд сэнпай намайг тэврэв.

*Би чамд хайртай гэж хэлүүлэх, аягүй дуртай* гэж хэлэхдээ, сэнпайгийн хоолой зангирсан байв.

Э? хэмээн гайхангаа сэнпайгийн царайг харах гэсэн боловч, харуулахгүй тас тэврэх сэнпай.  Хэсэг байж байтал, гаран дээр дусах нулимс...

Яахаа мэдэхгүй байж байтал сэнпай ярьж эхэллээ.

*... Манай ээж байшдээ.  Намайг бага сургуулийн 3-р ангид байхад намайг орхиод явчихсан юм. Өөр эрэгтэй хүнтэй суугаад.  Орхиж явах өмнөх өдөр, миний авмаар байсан компьютэрийн тоглоом авч өгөөд... Би юу ч мэдэхгүй амьтан, нэг л их баярлаад байсан... өглөө боссон ээж байгаагүй... Тэрнээс хойш дахиж уулзаагүй... Аав болохоор, намайг дунд сургуульд орсоны дараа өөр хүүхний гэрт амьдарч эхлээд... долоо хоногт нэг удаа ирж мөнгө үлдээгээд л явдаг болсон юм...*

Сэнпайгийн цамцнаас зуурангаа сонсохоос өөр яахаа мэдэхгүй байсан би.  Тэгэхэд л хүний нулимс гэдэг халуун гэдгийг мэдэрч билээ.

*... тэгээд, юу гэмээр юм бээ дээ... Би гэдэг хэнд ч хэрэггүй амьтан юм биш байгаадаа гэж бодогддог байсан болохоор... Чамайг надад хайртай гэж хэлэхээр... их баяртай болдог юм... Баярлалаа*

Нулимс урссаар.  Миний хувьд сэнпай бол *ТОМ ХҮН* байсан юм.  Тэр сэнпай маань жоохон хүүхэд шиг уйлж байна.  Арай ч дээ гэж бодогдсон юм.  Сэнпайг тэгж уйлуулах тэр гэр бүлийнхэн нь... Одоо ч гэсэн тэгж боддог юм.  Хүүхдийн нулимсыг тэгж гаргах эцэг эхчүүдийг бодохоор, арай ч дээ гэж...

Сэнпайгийн гарыг чанга атгаж суугаад хэдэн хором...
Яг энэ үеэр, СД-ний сүүлийн уянгын дуу явж эхлэв.  Сэнпай бид хоёрын хамгийн дуртай дуу...

*...фэнзаарай...*  Сонсож цээжилсэнээрээ дуулж эхэлтэл
*Юу вэ, наадах чинь. Шаал буруу цээжилчихсэн* гэж сэнпай, доголон нулимстайгаар инээлээ.
*Яг ш дээ, зөв л байгаа биз дээ?  Фенхяряряхий*  Би албаар бүр худлаа болгон дуулж үзүүлэв.

*Ахахахаха* сэнпай бүр хөхрөн байж инээв.  Сэнпай, инээсэнд баярласандаа би үргэлжлүүлэн дуулсаар...
-----------------------------------

*Сэнпай, хоол хийж өгөх үү?*
*Өлсөө юу? Гарч юм авах уу?*
*Үгүйээ,. өнөөдөр хоол хиймээр өдөр байна*
*Ямар өдөр нь тийм байдаг юм, хэхэ. Тэгээд чи юу хийж чадах юм? Хоолны материал бараг байхгүй ш дээ*
*Ннн... Шарсан өндөг?*
*Хаха, хоол гэдэг юм уу тэрийг чинь*

Тэгэхэд, 13 дөнгөж хүрсэн тэрхэн ухаанаараа бодсон юм.  Хэн нэгэнд ямар нэгэн юм хийж өгмөөр үедээ хийж өгөх хэрэгтэй гэж. Тэгээд, хамтдаа хийсэн хоолоо хамтдаа идэх нь нэгэн төрлийн жаргал гэж.  Даанч, 13 настай миний чадах хоол шарсан өндөг л байсанаас биш...

Ингээд хийсэн хоол маань, шорвог нь дэндсэн шарсан өндөг, ус нь ихэдсэн агшаасан будаа байв..

*Гоё болж* гэж хэлээд инээх сэнпай.  Тэрийг нь хараад би ч гэсэн баяртай болов.

*А... өндөгний хальс минийхэд орчихож.  Хагалахад хальс нь орчихоор нь тэр чигт нь шарчихсан юм*
*Хаха, хохь чинь гэдэг юм.*

*Ингэхэд, сэнпай, бага сургуульд байж үзсэн үү?*
*Үзэлгүй яадаг юм, хэхэ*
*Яаж тоглодог байсан бэ?*
*Нн...  Хөлбөмбөг, бэйсбол энэ тэр гээд.. Ан бас, нууц бааз хийж тоглодог байсан юм байна*
*Нууц бааз аа? дайсан нь хэн юм?*
*Мэдэхгүй. Дайсан байгаа гэж төсөөлөөд л...*
*Сэнпай, энэ байранд дандаа байсан уу тэ?*
*Үгүйээ, бага сургуульд байхдаа хажууд талын буудалын ойролцоо байдаг байсан юм*
*Тэгвэл тэр нууц бааз чинь ойрхон юм байшд тэ?*
*Анхан*
*Явж үзье!*
*Одоо юу? Орой болсон байшд*
*Зүгээр ээ! Өнөөдөр хонуутаар ирсэн юм чинь, хэд болтол тоглосон ч хэн ч уурлахгүй ш дээ*
*Тийм л дээ. Гэхдээ тэр нууц баазын байдаг ой, хав харанхуй шд?  Хий үзэгдэлтэй ш дээ?* албаар айлгах гэж оролдох сэнпай.

*Яг ш дээ, хэзээ тийм юм байсан юм, алив гаръя!*

Гараад харахад, байрных нь хажууд нэг сакура мод байлаа.

*Энэ жил болгон цэцэглэдэг үү?*
*Мэдээж ш дээ*
*Тэгвэл, дараа жил цэцэглэх үеэр, сэнпай ахлах сургуулийн сурагч болчихсон байх нь тэ?*

Ингэж хэлэхэд, сэнпайгийн царай нэг л бүрхийв... Яагаад ч юм, сэнпай ахлах сургуулийн тухай ярих болгонд нэг л дуугүй болдог байв..

Ингээд, алхсаар, нууц баазтай ойд ирэв.
*Ан! Олс энэ тэр нь яг хэвээрээ байшд* хэмээн өгүүлэх сэнпай.
Хэсэг тоглосны дараа, буцахдаа өөр замаар буцав.

*Энд манайх байсан юм* хэмээн, байшингүй талбай руу заан өгүүлэх сэнпай.

*Э? Гэхдээ байшин байхгүй байшд*
*Ан, нүүсний дараа нураасан юм гэсэн*
*Аан..*
*Ан, гэхдээ аль дээр үеийн юм*

Юу гэж хэлэхээ мэдэхгүй, зүгээр л чимээгүй байв.
Сэнпайг гомдоосон ээж аав нь. Бодохоос дургүй хүрч байв.
Хэдийгээр *аль дээр үед өнгөрсөн юм* гэж байсан боловч, ийшээ дагуулж ирсэн гэдэг маань, энэ зүйл сэнпайгийн хувьд тэгтлээ эртний зүйл биш байсаны баталгаа байсан ч байж магадгүй...

*Өнөөдөр чинь нээрээ амралтын өдөр ш дээ. Жил болгон ийшээ ирж байх учир, өнөөдрийг мартахгүйээ. Ёстой их жаргалтай байлаа.  Тийм болохоор, чи ч гэсэн битгий мартаарай за?* хэмээн өгүүлэх сэнпай.

Энэ үгэнд би нэг л гомдов. *Мартах ч үгүй, жил болгон хамтдаа байх юм чинь!* хэмээн уурлангуй хэлэв.  *Мартахгүй* гэсэн энэ үг яагаад ч юм таалагдаагүй юм..



*Би нээрээ дараа долоо хоног гэрт байхгүй* хэмээн гэнэт хэлэх сэнпай.
*Ээ? Хаачих юм? Юу хийхээр явах юм??*

-------------

*3-4 хөн хоног л явчихаад ирнэ. Утсаар ярья* гэж хэлээд, сэнпай нэг тийшээ яваад өгөв.

*Хаачих юм?  Хаашаа явах гэж байгаа юм?* хэмээн намайг асуух болгонд *Дэлхийгээр аялна/ Драгон Болл хайхаар явж байгаа юм* гэх мэтээр булзааруулаад огт хэлж өгсөнгүй.  Утсаар ярина гэсэн боловч, явсан хугацаандаа утсаар ч ярьсангүй.

Харьж ирсэн байх хэмээн хэд хэдэн удаа гэр лүү утасдсан боловч, утсаа авахгүй хэд хоног... Өдөр хоног өнгөрөхийн хэрээр, энэ чигээрээ бүр алга болчихгүй байгаа даа хэмээн санаа зовж эхэлсэн үе...

Явсанаасаа хойш 7 хоногийн дараа гэнэт утас дуугарав.

*Ан, Андо юу?*
*Тийм.. Хариад ирсэн юм уу?*
*Харин тийм, дөнгөж сая. Утсаар ярьж чадсангүй...*
*Бүр нэг ч удаа утасдаагүй гээч!!*
*Уучлаарай.. Юм юм болоод...*

Ингэхэд *Ан тэгээ юу* гээд л өнгөрөөхөд болох юмыг, олон хоног санаа зовсондоо тэр үү, уур хүрээд *Юу ч хэлэхгүй болохоор чинь яасаныг чинь мэдэхчгүй байна* хэмээн чангаар хэлээд утсаа тасалсан байв.

Уг нь ярьмаар зүйл их байсан боловч, зөрүүд зан хөдлөөд дахиж залгасангүй.  Нэг л сэнпайгийн амьдралаас холдчихсон юм шиг санагдаад...

*Өнөөдөр Тайфунтай гэнэ ээ*

Сэнпайтай муудалцсанаас хойш 2-3 хоногийн дараах бүтэнсайн өдөр.
*Бүтэнсайн өдөр байхдаа яахав дээ. Уг нь маргааш тайфунтай, тэгээд сургууль амарсан бол дээр байхгүй юу* хэмээн бодсоор..

Орой.  Тайфун чангарсаар, салхи шуураад л, бороо ороод л...
Тэгэхэд би Саүамүра сэнпайг саналаа///

*Юу хийж байгаа юм бол? Яагаад нэг удаа наашаа ярьчихаж болдоггүй байна аа*
Жоохон туньсан маягтай ингэж бодсон боловч, тайфунтай өдөр гэртээ ганцаараа сууж байгаа түүнийг бодохоор тэвчиж сууж чадсангүй.. Гэрийнхнийгээ унтсаныг шалгасны дараа гэрээс гарав.

Гадаа, салхи бороо хүчтэй байв.  Барьж гарсан борооны шүхэр салхинд дороо эвдрэв.
Жийнс байтугай, дотуур хувцас хүртэл нэвт нороод...
Гэхдээ, нэг л догдлоод байлаа.  Жоохон байж байгаад сэнпайтай уулзана шүү дээ гэж бодогдохоор...

Сэнпайгийн байранд ороход, хувцас шалба нойтон. *Өмдөндөө шээчихсэн юм шиг болчихож* гэж бодонгоо лифтэнд суулаа.

Сэнпайгийн гэрийн үүдэнд очоод хонх дарав...
Хариу алга. *Унтчихсан юм болов уу?* гэж бодонгоо, хаалганд чихээ наан зогсож байтал, хаалга гэнэт онгойв.

Цочсондоо үсрэх шахсан би... Тэрэнд бүр их цочсон сэнпай.

*Юу хийж байгаа юм?*
*Сэнпайг ганцаараа болохоор айх болов уу гээд л...*
*Мангартаад байгаач...*

Үүний дараа, намайг усанд оруулаад, хувцас солих хоорондоо зөндөө их загнав.
*Ийм тайфунтай үед, ийм орой гадаа гарах аюултай!*, *Ядаж эхлээд утсаар ярьдаг байгаа даа!* гэх мэтээр загнах сэнпай, цаанаа л нэг баярласан шинжтэй байв.

*Халуун кофе хийгээд өгье*
*Гэхдээ унтаж чадахгүй болчих юм биш үү?*
*Өнөөдөр харих болохоор унтахгүй байсан нь дээр*
*Нээрээ ч тийм юм даа*

Сэнпайгийн хийж өгсөн кофег уунгаа би нойрондоо дийлдэв..
Сэнпай, надад хөнжил нөмөргөхөд сэрлээ

*Ан, би сая унтчиж уу?*
*Анхан. Бороо зогстол жоохон унтаад ав*
*Анхан..*
*Гэхдээ ирсэнд чинь зөндөө их баярласан шүү. Бас эртээр, уучлаарай*
*Анхан...*

Ингээд би үүр цайтал унтав...

*Залуу насны хайр дурлал гэдэг тайфун-тай адилхан* гэж хэн нэгэн хэлсэн байдаг.  Гэнэт ирээд, гэнэт яваад өгдөг.  Голд нь байгаа 2 хүн түүнийгээ анзаардаггүй боловч, нэг мэдэхэд энэ дурлал яваад өгсөн байдаг.  Савамура сэнпай, бид хоёрын дурлал тийм байсан юм болов уу???

------------------

2-р улирал дуусаад, шинэ жил болох үе.

*Байна уу? Андо юу?*
*Анхан*
*Бороо орж байна, нороогүй биз дээ?*
*Зүгээр. Таксфоноос болохоор*
*Ан. Нээрээ анх чи наашаа утсаар ярьдаг өдөр ч бас бороо орж байсан санаж байна уу?*
*Тэглүү?*
*Тийм*
*Сэнпай, ямар сайн санадаг юм*

*Яая ямар хүйтэн байна аа. Хурдан зун болоосой. Дараа зун, далай руу дагуулж яваарай за?* гэж намайг хэлэхэд, нэг л тийм, хүйтэн уур амьсгал гарах шиг санагдав...

Их удаан сэнпай юм хэлэхгүй байх шиг санагдсан болов ч бодвол, 2-3 секунд л болсон байх...

*.. .. Андо.... Чамд хэлэхгүй бол болохгүй нэг юм байгаа...*
Нэг л муу совин татаад явчихав... Сэнпайгийн хоолой, ярьж байгаа үгний өнгө нэг л өөр байсан тул...

*Э? Яасан, юу вэ?*  сэтгэл зовсондоо ч тэр үү, би хурдан хурдан асуув..

*Би.... ахлах сургууль, Канто (Токиогийн байдаг хэсэг)-гийн сургуул явах болчихсон...*

...КАНТО?... Кансай-гаас (Осака/ Киотогийн байдаг хэсэг) гарч үзээгүй надад энэ үг ер танил бус байлаа... Канто гэдэг нэртэй сургууль юм болов уу??

*Канто гэж???*
*Чиба мужид... Эмээгийндээ очиж байх юм..Намайг дунд сургуулиа төгсөхөөр, манай аав нөгөө эмэгтэйтээгэй гэрлээд, одооны байраа зарах юм л даа... Аль дээр тэгж шийдэгдсэн юм... Түрүүчийн долоо хоног би долоо хоног хиртэй байгаагүй дээ? Тэгэхэд, ахлах сургуулийн шалгалт өгөнгөө, эмээгийнд очиж байсан юм... Чамд хэлье гээд хэлж чадахгүй яваад байлаа... Уучлаарай...*

Чиба? Канто??

Ингэж сонсоод, хамар шархираад, нүд бүрэлзээд явчихав...
*Битгий яв л даа.. Яагаад явчихна гэж....*
*...Уучлаарай... Уучлаарай намайг...*

Аль хэзээний шийдэгдчихсэн зүйл байв... Уучлалт гуйх сэнпайг сонсонгоо, түүний талаар төсөөлөв.
Энэ утсыг тасалмагц, цор ганцаараа байрандаа байх сэнпай.  Орь ганцаараа сэнпай. Хэрвээ эмээ дээрээ очвол, ядаж л ганцаараа биш болно...

*... Эмээ чинь ямар хүн бэ?...*
Би зангирсан хоолойгоороо ийнхүү асуув.
*Нн... эмээ ч тэр, өвөө ч тэр сайн хүмүүс*
*Ан... тийм үү...*

Маргааш ч тэр, нөгөөдөр ч тэр, жилийн дараа, хэдэн жилийн дараа, дандаа сэнпайтай хамт байна гэж итгэж төсөөлж байсан атал...

----------------------------

Далай руу чиглэн давхих галт тэргэн дотор сэнпай бид хоёр сууж байлаа..
*Болж байна уу?*
*Болоогүйээ*
*Ахиад хэр удах вэ?*
*Болоогүйээ*

Ийнхүү ярилцангаа далай руу чиглэх бид хоёр.

Шинэ жилийн өмнөхөн, сэнпайг Канто явчихна гэж сонссоны дараа би түүнтэй уулзаж чадахгүй болсон байлаа. Яагаад ч юм, нэг л төсөөлж чадахгүй байсан тул... Хүүхэд дургүй юмаа болж өгвөл мартах гэж оролддог тэр л зангаар... Хэзээ нэгэн цагт буцаад хэвэндээ орчих юм шиг санагдсан тул, түүнийг хүлээсэндээ ч тэр юм уу...

Шинэ жил өнгөрөөд 1 сарын 3нд ни сэнпай луу утасдав.
Хэсэгтээ эвлэрч чадахгүй байсан ч, сэнпай Чиба луу явах гэж байгаа гэдгийг биеэрээ мэдэрч, яарч эхэлсэн тул...

*Сэнпай юу?*
*Ан, Андо юу?*
*Шинэ оны мэнд хүргэе!*
*Чамд ч гэсэн. Яасан, овоо уур гарсан уу?*

Олон бодох юм, тээнэгэлзэх зүйл байсан гэж бодогдох боловч, байгаагаараа байсан Сэнпайд хайртай юм байна шүү гэж дахин мэдрэв.  Уулзах юмсан гэж бас бодогдов.

*Андо, далай явъя!*

Гэнэт хирнээ, тийм л байх ёстой юм шиг хэлэх сэнпай.

Маргааш нь бид 2 далай руу зүглэв.  Гэрийнхнээсээ өөр хүнтэй далай руу анх удаа явж байгаа минь энэ.

*Бүрхэг байна тэ*
*Анхан...*

*Сэнпай, АМЭ ОТОКО юм биш үү? (Японоор ХАРЭ ОТОКО буюу, цэлмүүлдэг тэнгэртэй хүн, АМЭ ОТОКО буюу, бороо оруулдаг тэнгэртэй хүн гэж нэг тийм яриа байдаг юм. Амэ отоко нь заяа муутай..)  Эртээр кино үзэхэд бас бороо орж байсан биз дээ?*

*Э? Чи юм биш үү? Тэгээд ч өнөөдөр бүрхэг л болохоос, бороотой өдөр биш шүү дээ!*
*Нээрээ ч тийм л дээ. Өнөөдөр очих далайн эрэг ямар учиртай юм? *
*Ан, дээр үед ирж байсан юм...*

-----

*Алив Андо, зураг аваадахья!*
Ингэж хэлээд сэнпай аппаратаа гаргав.

*Э? Байжээл даа, үс босчихсон, тэгээд нус урсчихсан байгаа байх..*
*Нус гайгүй байна аа! Нар, үүлний завсраар цухуйчиж, одоо аваадахъя! Алив инээгээч!*

Бүрхэг далайн эрэгт үдэш болсон хойно хүрч очив. Салхитай, бүрхэг өвлийн үдэш.
Элдэв шалдавыг ярилцан, салхинд хийссэн үсээрээ тоглон хөөрөлдөх бид хоёр..

*Чи ч гэсэн хүрээд ирвэл уг нь...*
*Хаашаа тэр вэ?*
*Чиба!*
*Эээ? Тийшээ нүүхийн тулд, сургуулиа соних хэрэгтэй болно биз дээ?*
*Харин тийм ч юм уу..*

Сэнпай инээснээ, далайн зүг харав..

*А! Сэнпай хар даа! Аягүй гоё харагдаж байна!*  Үүлний завсраас тусах нарны туяаг заан би өгүүлэв.  Үдшийн нарны бүдэгхэн алтлаг өнгөөр гялалцах туяа.

*Хо! Нээрээ гоё харагдаж байна шүү!  Энийг байшдээ, тэнгэрийн элчийн авирдаг шат гэж нэрлэдэг юм ш дээ. Хардаа? Шат шиг байгаа биз дээ?* хэмээн сэнпай тайлбарлав.

*Тэнгэрийн элчийн авирдаг шат! Оо! Лаг нэр айн? Драгон Квэст (тоглоом) дээр гардаг шиг нэр байна шүү!*
*Хаха, тэнэг!*

Нарны туяаны өнгө бага багаар алтлагаас мөнглөг, тэгээд улбар шар болон өөрчлөгдсөөр.

*Хурдан том болох юмсан...*
*Э? Сэнпай юу гэнэ ээ?* гэж асуусан би 13 настай.

*Хурдан том болох юмсан гэсэн юм аа* хэмээн давтан хэлэх сэнпай ч гэсэн 15 настай байсан юм.

Би бурхан ч юм уу, тэнгэрийн элчид итгэдэггүй л дээ.  Гэхдээ үзэсгэлэнтэй юм харсан үед итгэмээр болох үе байдаг билээ.

*Хайртай хүнтэйгээ үүрд хамт байхын төлөө*...

Савамура сэнпай.  Би ч таныг дагаад Чиба явна! гэж тэгэхэд, худлаа ч болсон хэлдэг байсан ч юм уу...

*Алив Андо, хурдан зураг аваадахья!*
Ингээд бид 2 тэнгэрийн элчийн авирдаг шатны өмнө хэд хэдэн зураг авав,
Буцах замдаа, метроны буудал даxь зураг угаалгын газар угаалгав.  Хөлдөж үхэх шахсан байж хүлээн хүлээн...

Орой угаалгасан зурган дээр, тэнгэрийн элчийн авирдаг шат, нэг их тод гараагүй байв. Хайран юм, гэж ярилцангаа, оройны харлаж харагдах далайн эрэг дээр.  Цагаарч харагдах давалгааг харангаа зөндөө олон үнсэлцэв.

Буцах замдаа хоюулаа ядарчихсан метронд унтаж харив.

*Ан, сэнпай! шүлс чинь гоожчихож! хахаха*
*Чи ч гэсэн сая шүлсээ гоожуулчихсан унтаж байсан биз дээ*

Ийнхүү ярилцсаар Осака руу буцаж ирлээ.

Бид хоёрын, анхны бөгөөд сүүлчийн, цорын ганц удаагийн хол явсан аялал.  Чиба гэхдээ тэрнээс хамаагүй хол газар байв...

---------------------

3-р улирал эхлэв.  Төгсөх ангийнхан, элсэлтийн шалгалтанд бэлдэнэ гээд сургууль дээр бараг ирэхгүй.  Завсарлагаа болгоноор сэнпайтай очиж уулздаг байсан миний хувьд, сургуулийн нэгхэн хэсэг биш, бүхэлдээ хоосон болчихсон юм шиг санагдаж байв.

Савамура сэнпай, угаасаа Чибагийн сургуульд тэнцээд, шийдэгдчихсэн байсан болохоор, өдөр бүр их л завтай байх шиг байв.

*Хийх юм байхгүй болохоор, чамайг тарах үеэр чинь очиж авч байна аа*
Ийн хэлээд өдөр болгон намайг тарах үеэр хүлээж байдаг болов.

*Сэнпай, бөөн зав айн?*
*Харин тийм, хийх юм байхгүй..*

4 сарын эхээр Чиба явна гэж хэлж байсан юм.  4 сар болоод холдоно.  Элсэн цаг тавиулчихсан юм шиг л тийм өдөр хоногууд..

2 сар гараад, валентины өдөр дөхөв.

*Сэнпай! Шоколад, маршмаллоу хоёрын аль нь дээр үү?*
*Э? Валентины өдөр гээд үү? Мэдээж шоколад л биз дээ?*
*Э? Гэхдээ эр эм нь мэдэгдэхгүй хүнээс авах үед шоколад, маршмаллоу хоёроос сонгож болдог гэдэг биз дээ?* хэмээн, тоглоом шоглоом хослуулан асуув
*Тиймэрхүү юм битгий яриад бай. Би шоколад авмаар байна!* хэмээн нилээд серёзны царайлан хариулах тэр.

Шоколад...

Бага сургуульд байхад, охидууд банди нарт шоколад өгөхийг олон удаа харж байсан боловч, өөрийгөө тэр *охид*-ын талд орсоноор огт төсөөлж байсангүй.

*За тэгвэл шоколад өгнө өө!*

Ямар шоколад өгөхөө мэдэхгүй дэлгүүрээр эргэлдэж байсан үед.  Эрэгтэй хүүхэд, валентины өдрийн өмнө шоколадны тасгаар эргэлдэхээр их л сонин харагдаж байсан байх даа (Японд, валентины өдрөөр, охидууд нь банди нарт шоколад өгдөг юм)

Ингээд явж байтал, ангийнхаа охидуудтай дайралдчихав.
*О! Андо бас хүнд шоколад өгөхнө үү??* хэмээн намайг шоолох охидууд.
*Яг ш дээ. Гоё амттай юм шиг санагдаад л...* хэмээн тайлбарлах би...
*Тийм гэж үү? Андо, өөрийнхөө хийсэн шоколадыг хэн нэгэнд өгч барихаар юм шиг юм биш үү?*
*Яг ш дээ... *  Ингэж хэлээд би шоколадны тасгаас холдов..

Шоколадны тасгаас холдонгоо, шаагилдан байж шоколад авах охидуудыг харахад, яагаад ч юм эрэгтэй хүүхдүүдээс ч, эмэгтэй хүүхдүүдээс ч анги, өөр хэмээн гадуурхагдаж байгаа ч юм шиг санагдав.

Харих замдаа жирийн дэлгүүрээс шоколад аваад, гэртээ өөрөө боодол хийж бэлдэв.

2 сарын 14.
Харьж ирэхэд, сэнпай харагдахгүй байв... Хаачсан юм бол оо? хэмээн утсаар ярьсан ч утсаа авсангүй.. Буцаад явж байгаад, цэцэрлэг дотор, турнекэн дээр тоглох сэнпайг олж харав.  Биеийн тамиртаа сайн болохоор, суниагаад л, эргэлдээд л ганцаараа янзан бүр болж байна. Ганцаараа байхыг нь нэг их харж байгаагүй болохоор, хэсэг ажиглан суув...

Ийнхүү ажиглан сууж байтал, яагаад ч юм гэнэт гунигтай санагдаад явчихав....
Удахгүй холдон одох тэр л сэнпайгийн, надгүй байх үеийн дүр зурагийг олж харсандаа...

---------------------

3 сард.  Сэнпайгийн төгсөлтийн өмнөхөн, би сэнпайгийн хонов.

*Хөөх? Өрөө чинь хов хоосон болчиж!*
*Ан, харин ихэнхийг нь хаячихсан... * Сэнпай жоохон санаа зовсон маягтай хэлэв...

Уг нь 4 сард нүүнэ гэж байсан юм л даа..

*Э? Юун яардаг юм? Эртхэн янзалмаар байсан юм уу?*
*Нн... харин тийм. Төгсөнгүүтээ хурдан Чиба нүүхгүй бол болохгүй болчихсон...*

Ингэж сонсоод, нүүрэн дундуур нэг юмаар буулгаад авсан мэт болов..

*Э? 4 сард гээ биз дээ? *
*Уг нь тэгэх төлөвлөгөөтэй байсан юм.. Даанч, энэ байрыг зарж байгаа болохоор, эрт нүүх хэрэгтэй болчихоод...*
*Хоёрхон долоо хоног ш дээ? Хүлээлгэж болохгүй гэж үү?*

Хоёрхон долоо хоног гэж байсан боловч, миний хувьд их чухал хоёр долоо хоног байсан юм..*

*Гомэн...* (Уучлаарай)
*Аав чинь тэг гэсэн юм уу?*
*Харин тийм... *

Эцэг эх нь түүний хүслийн эсрэг тийм юм хийж байхад, нэг ч удаа тэр аав ээжийгээ муулсан үг хэлж байсангүй... Магадгүй, нэг хэлээд эхэлбэл, тэр нь үзэн ядалт болох ч юм билүү гэж эмээсэндээ байсан ч байж магадгүй..

Шок болсон би яахаа мэдэхгүй сууж байтал, сэнпай эхэлж дуугарав.

*Андо, өндөг шараад өг!*
Хааяа би сэнпайд өндөг шарж өгдөг байсан юм. Өөр хоол хийж чадахгүй учир...

*Өндөг..?*
*Анхан. Гал тогооны юмаа бас янзлахгүй бол болохгүй болохоор. Хамгийн сүүлд нь чиний хийсэн өндөгийг идмээр санагдаад...*

Хамгийн сүүлд?  Сүүлчийн удаа?  Бүх юмыг дангаараа хэнээс ч асуулгүйгээр шийдчихдэг!!

Миний уур хүрэн, чангаар хашгирсан байлаа.  *Яахаараа дандаа ингэж гэнэт бүх юмыг шийдэж байдаг юм? Яахаараа заавал... Өндөг мөндөг шармааргүй байна!*

Энэ уур маань, Савамура сэнпайгийн ард байгаа, түүний өмнөөс бүх юмыг шийддэг эцэг эх рүү нь чиглэсэн байлаа...

Тоглоомоор хуураад, орхин явсан түүний ээж, амьдарч байгаа байшинг нь заран одсон түүний аав...
2 хон долоо хоног хүлээж чадсангүй гэж үү? Өөрийнх нь хүүхэд атал... өөрсдийнх нь хүүхэд атал, хүүхдийнхээ өмнөөс бодож чадсангүй гэж үү???

*Уучлаарай...*

Сэнпайг уучлалт гуйхыг сонсоод, миний нүднээс нулимс асгарчихав.

*Яамай. Гэнэт явуулмааргүй байна! Чиба луу явуулмааргүй байна. Танай аав ээжийг үзэн ядаж байна!!*


Өөр яаж ч чадахгүй байлаа.  Сэнпай Чиба яваад. Би болохоор өөрийгөө ч авч явж чадахгүй жоохон хүүхэд.. Ингэж уйлж майлахаас өөрөөр өөрийгөө илэрхийлж чадахгүй байлаа...

*Гомэн на! Гомэн на! * хэмээн уучлалт гуйх сэнпай.
Уучлалт гуйх хүн нь тэр биш атал..

Ийнхүү уйлж уйлж, арай гайгүй болж байтал, сэнпайгийн гэдэс, цээж доргих шиг болов.

Пүүү...

*Унгачихлаа...* хэмээн инээд сэнпай.
Үүнийг сонсоод, улам бүр галзуурах би..
*Ийм үед, тоглоом шоглоом болгоод!!*

Нэг бодлын эрхэлж байсан л болов уу.. Хамгийн хүнд хэцүү байсан нь сэнпай байсан атал..

Энэ өдөр, зөндөө их өндөг шарсан юм...

------------------------------------------

Сэнпайгийн төгсөлтийн ёслол.
Нэг нэгээр нь нэрээр нь дуудах дотор, сэнпай хүлээн сууж байлаа.

*Савамура Казуши!*
*Хай!*

Нэрээрээ дуудуулаад хариу хэлэх түүний хоолой нэг л өөр хүний хоолой шиг сонсогдож билээ. Бүтэн жил хамтдаа байсан атал...

*Сэнпай, баяр хүргэе*
Би дотроо чимээгүйхэн шивнэв.

---------------------------

*Сэнпай, онгоцонд суухаас айхгүй байна уу?* Би цонх арчингаа асуулаа
*Э?*
*Онгоц! Чиба явахдаа онгоцоор ниснэ биз дээ? Тэрэн шиг* гэж хэлээд цонхны цаана харагдах онгоцны утааг заангаа хэлэв

*Аан. Үгүй ээ, хурдан галт тэргээр явах юм*

Төгсөлтийн ёслолын дараа сэнпайгийн нүүх бэлтгэлийн ажил эхэлж, би очиж тусалж байсан юм.

*Онгоцонд сууж үзээгүй юм уу? Шаал хөдөөнийх!*
*Сэнпай ч гэсэн Осакагийнх биз дээ? А, Чиба, Осака хоёрын аль нь илүү хот вэ? Токиод ойрхон биз дээ? Алдартай хүмүүс олон болов уу?*

*Нээг их ялгаагүй юм  биш үү?*
*Гэхдээ Токио Диснеиланд Чибад байдаг гээ биз дээ?*
*Тийм, Чибад*
*Нээрээ юу? Токиогийн Диснэйланд гэсэн хирнээ сонин юм тэ?*
*Токио болохоор газрын үнэ өндөр байсан юм биш үү?*
*Аан, тийм байх тэ?*
*Тэгж байгаад дагуулж явна аа! Токио Диснэйланд!
*Нээрээ юу?*

Болоогүй байгаа, болоогүй байгаа хэмээн өөрийгөө тайвшруулж байсан боловч, тэр салах өдөр нэг мэдэхэд хаяанд ирчихсэн байлаа...

Савамура сэнпайгийн нүүх өдөр.  Сэнпай бид хоёр буудал дээр ирэн байв.
Уг нь битгий гаргаж өгөөрэй гэж байсан юм.

*Шинкансэний буудал хүртэл гаргаж өгнө!* хэмээн зүтгэсэн боловч *Намайг гаргаж өгсөний дараа, чи ганцаараа болчихно шүү дээ! Би чамайг гэрт чинь хүргэж өгч чадахгүй болохоор, болохгүй! Битгий хүргэж өгөөрэй!* хэмээн, тэрээр хэдэн цагийн шинкансэн болохоо зааж өгөөгүй юм.  Гэвч, би уйлах шахан байж шалсаар байгаад, 2 цагийн галт тэрэг гэдгийг нь сонсож авсан юм.

Гэвч, сэнпай намайг шинкансэний буудал хүртэл гаргаж өгөхийг зөвшөөрөлгүй, бид хоёрын гэрийн ойролцоо буудал хүртэл гаргаж өгөхийг л зөвшөөрч билээ.

Би юу хэлэхээ мэдэхгүй байсан болохоор *Токио, ус муутай гэж байсан, болгоомжтой байгаарай* гээд яах гэсэн нь мэдэгдэхгүй зүйл хэлж билээ.

*Андо, баярлалаа. Захиа бичнэ ээ! Утсаар ч ярина за?* гэж хэлээд сэнпай миний толгойг илэв.

*Анхан ! Заавал ч үгүй шүү!*
*Ан, бас май энэ!*
*Юу юм?*
Задалж үзсэн, дотор нь кассет, хэдэн зураг, тэгээд нэг бичиг байв.

*Намайг явсаны дараа уншаарай!*
*Эээ.. Одоо уншмаар байна!*
*Үгүй! Заавал явсаны дараа!!*

*За...*
*За би явлаа*

*Утас, захиа, заавал ш дээ!!*
*Анхан!*
*Энэ зуны амралтаар амжихгүй байх, өвлийн амралтаар очино шүү! Диснэйланд явж үзмээр байна!*

*Анхан, амлая!*
*Анхан*
*За баяртай..*

Тэр тэгэж хэлээд галт тэргэнд суулаа. Цонхоор харангаа, инээмсэглэснээ нэг юм хэлж байна.

*Байбай*

Э? Байбай гэсэн үү? Байбай гэдэг үгэнд тийм дургүй байсан байж...
Тэгээд, захидлаа задалж үзэв.

Томоор *Зөндөө их хайртай!* гэж л бичсэн байлаа.

Гэртээ хариад, би үхсэн мэт унтлаа.
Хэдэн цаг унтсан юм бүү мэд.

Утас дуугарахаар сэрлээ.
*Байна уу?*
*Аан! Андо юу!*

Савамура сэнпай байлаа.
Өмнөхтэйгээ адилхан зөөлхөн хоолойгоор.
Тэгэхэд санаанд орсон зүйл, сэнпайгийн гэрт очдог ч юм уу гэсэн  бодол.

*Сая Чибад ирлээ*
...Нээрээ тийшд. Чиба явчихсан ш дээ. Сая гаргаж өгчихөөд....

Нээг их гоё зүүд зүүдэлж байсанаа гэнэт сэрэхтэй адилхан, тэрхэн зуур бодит амьдралд буцан орох би...
Уйлмаар юм шиг санагдах тэрхэн хоромд, утасны цаанаас нусаа татах чимээ сонсогдов...

*Андо... Баярласан шүү. .. Чи тэгээд сайн байж байна шүү!  ...Намайг уучлаарай...*

Салах үед уйлахгүй байсан сэнпай, утасны цаана уйлж байлаа..Бодвол, намайг бодсондоо уйлахгүй тэвчиж байсан байх...

Утсаа тасалчихаад, авсан кассетаа тавиад, зургаа үзлээ. Дандаа явдаг байсан нөгөө англи дээрх эмэгтэй дуучин. Өвлийн далай дээр авахуулсан зураг. Тэнгэрийн элчийн авирдаг шат, харагдахгүй байлаа..

-----------------

*Токиогийн цамхагийг өчигдөр үзээд! Аягүй гоё юм билээ. Доороос нь харахаар, улаан биш, алтлаг тийм өнгөтэй, тэгээд гэрэлтдэг юм билээ*
*Анхан*
*Тэгээд аймаар том! Намайг харах үеэр оройд нь үүл байсан гээд л бодчих!*
*Худлаа яриад бай, тийм өндөр юм гэж хаана байдаг юм!*
*Нээрээ хөөе!*

Сэнпай явсаны дараа сар гаран өнгөрлөө. Сэнпай ахлах сургуулийн нэгдүгээр анги, би дунд сургуулийн 2-р анги.  Сэнпайгийн ярих яриа болгон шинэлэг, сонин байлаа. Хурдан том болох юмсан гэж бодогдож байлаа.

Сэнпай байхгүй өдөр хоногууд, өнгөрсөөр л байлаа. Хааяа сэтгэл санаагаар унасан үедээ, сэнпайгийн өгсөн кассетийг сонсож, захиаг нь харна.

Сэнпай, Чиба явсанаасаа хойш ч байнга утсаар ярьдаг байлаа.

*Би нээрээ үлээвэр хөгжмийн дугуйланд орсон ш дээ!*
*Нээрээ юу! Тэгээд чадаж байна уу*
*За байж байгаарай!*

Утасны цаанаас хөгжим дарж үзүүлэх би.

--

Захиа ч гэсэн хааяа ирнэ.

*Өнөөдөр 5 цаг ажил хийлээ. Зөндөө их ядарлаа*
*Эмээ өвөө 2 эрт босно. Би дагаад эрт босдог болсон* гэх мэтийн, албан ёсны хэллэгээр бичсэн захианууд.

Гэхдээ, тийм жирийн өдөр тутмын бичлэг дотор, эмээ өвөөдөө хайрлуулан байгаа сэнпай харагдаж байв.

Осакад байсан шигээ, бусдын хайранд цангасан сэнпай биш, эцэг эхдээ байгалын жалаар хайрлуулсан тийм сэнпай тэнд байлаа.

Зуны амралт дуусах үеэр.
Би хоолой сонин байгаагаа анзаарав.
Нэг л аргаад, чанга дуугарах, нарийхан дуугарах гэхээр сонин болоод..

Нэг л биш...
*Ханиад хүрчээ юу?* гэж сэнпайг асуухад
*Харин тийм юм шиг байна* гэж хариулангаа, нэг л сэтгэл зовж байлаа.

Тийм нэг өдөр, утас дугарав.
*Байна уу! Андо байна* хэмээн хариулахад.
*Сайн байна уу.  XX компанийн хүн байна.  Энэ айлын хүү юу? Аав ээж чинь байгаа юу?* хэмээх танихгүй хүн.

Уг нь утас авахад *Охин нь уу?* гэж асуух нэгэн байсан ч, хүү юу гэж асуух хүн байдаггүй байв.

Ханиад хүрсэнээс л болов уу. Тэрнээс зайлахгүй гэж өөртөө итгүүлээд хичээлдээ явав,

Ангийн хүүхдүүдийн *Хоолой гарч өгдөггүй. Хоолой солигдож байгаа юм шиг байна. Би ч гэсэн хоолой бүдүүрчихсэн* гэх яриаг сонсоод, арай үгүй байлгүй дээ хэмээн бодож, гэртээ ирээд, хуучин дуулдаг байсан дуугаа дуулж үзэв.

Уг нь зүв зүгээр дуулдаг байсан дуу, өндөр хоолойгоор дуулдаг хэсэгээ дуулах гэхээр болохгүй байлаа.

Миний хоолой солигдох үе болсон юм байна шүү дээ.
Хичээл дээр заалгаж байсан боловч, надад хамаагүй хэмээн бодож байсан тэр зүйл.

Эрэгтэй хүн болох нь байна шүү дээ...

Үүнээс хойш, би өрөөндөө орчихоод, албаар өндөр хоолойгоор дуулах гэх мэтээр үзэж тарж байв.

Гэвч, өдөр хоногоор ирэх *эрэгтэйжилт*

Өдөр хоног ирэх тусам *бузартаад байгаа юм шиг* санагдаж байв.
Өөрийнхөө хоолойноос болоод, Савамура сэнпайтай ч олигтой утсаар яр;ж чадахгүй байлаа.
Оронд нь захиагаар харьцахаар шийдэв.

Гэвч, захиан дээр бичиж байгаа миний дугуйлан секц өдөр тутам нэг л худлаа байлаа. Үнэндээ бол, сэнпайтай уулзмаар байлаа. Уулзаад, хоолой өөрчлгөгдөж байгаа тухайгаа, эрэгтэй болж хувирахаас айж байгаа байдал, хэрхэн улам бүр хаагдмал болж байгаагаа ярьмаар, сонсогомоор байлаа.

Гэвч, утсаар ярьсан ч, захиа бичсэн ч, жинхэнэ өөрийгөө гаргаж чадахгүй байла.

Би бүрмөсөн *эрэгтэй* болчихвол, сэнпай надад дургүй болчих болов уу?
*Эрэгтэй* болон хувирах тэр хувирлаа, сэнпайд л үзүүлмээргүй байлаа.  Намайг, охин шиг хүүхэд болохоор л хайртай байсан болохоор...

Би өдөр тутам өөрчлөгдөх өөрийн биенээсээ дургүйцэн, зугтаан байлаа.  Аймаар юмаа зүгээр л мартмаар юм шиг...


--------------

Хамгийн сүүлд сэнпайд захиа бичсэн минь өвлийн амралтын өмнөхөн.
Диснеиланд явна гэж ярьсан байсан боловч, тэр талаар огт дурдаагүй захидал.

Сэнпайгаас ирсэн захидалд *Чибад ирэх үү? Диснеиланд ч, Токиогийн цамхаг ч дагуулаад явна аа! Ирэх болохоороо хэлээрэй! Галт тэрэгний билет явуулья!* гэсэн байлаа.

Гэвч би хариу бичиж чадсангүй. Урьдных шигээ гэнэн цайлган би биш болсон байсан тул...

Сүүлд утсаар ярихдаа юу ярьлаа даа.. Сайн санахгүй байна. Гэхдээ сэнпай, огт урьдынхаараа эелдэг зөөлхөн байсаныг л санаж байна.

Түүнээс хойш нэг жил, хоёр жил өнгөрч, би ч гэсэн ганцаараа байх амьдралдаа дасаж ирсэн юм...
Бага багаар мартагдан өнгөрөх сэнпайтай цуг өнгөрөөсөн он жилүүд.

Гунигтай зүйл ч гэсэн мартагдан оддог.
Гэхдээ тэр мартагдаж байгаа гунигтай зүйлээ, мартагдаж байна гэж бид өөрсдөө ч анзаардаггүй нь бүр гунигтай.

FIN

13 comments:

freestyle529 said...

Сэнпайгийн цамцнаас зуурангаа сонсохоос өөр яахаа мэдэхгүй байсан би. Тэгэхэд л хүний нулимс гэдэг халуун гэдгийг мэдэрч билээ.
Хүний нулимс халуун гэдгийг мэдэрсэн...ямар хүчтэй өгүүлбэр вэ.
Үнэхээр сайн бичих юмаа, гоё чимэггүй мөртлөө сэтгэлд шууд нэвтэрч....
Уншаад байхаар гэртээ ганцаараа бүрхэг өдөр, дунд сургуульд байхдаа хөнжлөөрөө хучаад кино үзэж байгаа юм шиг. Эсвэл цас будрах, бороо орохыг цонхоороо харж зогсох шиг санагддаг юм. Нэг тийм хөнгөн гунигтай боловч дотно дулаан мэдрэмж...
Уяхан гэж дэндүү хүн л дээ би, хэ хэ. Баахан юм бичсэндээ бараг санаа зовчихлоо.

Anonymous said...

Одоо тэр сэнпай хаана явж байгаа болдоо... хэрвээ тэр 2 одоо уулзвал юу болох бол...? энэ их сонирхолтой санагдав. Хүний амьдарлаа гэж.
Питачок

Anonymous said...

гоё.

BorlaSQue said...

тухтай уншина аа

ollie said...

гоё юмаа.

:санаа алдах:

patatepatata said...

freestyle> hehe, chamd zoriulj orchuulsan yum!
Gehdee manaihan iimerhuu yumand ih durtai yum shig baigaa yum te?

pyatachok> harin haana yavaa bol te? Mani ene teriin uyeiin l baagii baih daa, hehe

anony> thanx

anirgui> chi ih tuhlah durtai hun baina aa ain? hehe

ollie> thanx

Anonymous said...

hey patate goi orchuulsan bnaaa hehe
bur setgel hodolgochloo
nere ene ando so-giin blog n yu blaa?
bi haigaad oldguuuuu
biched oguul ih bayarlii shuu

My favourite gay movies said...

Goyo orchuulsan bainaa... Bas tsaad bichsen hun ni goyo kino shig bichsen baina hehe

freestyle529 said...

гялайлаа, хэхэ.

Anonymous said...

ий ий ий хаана байна ийм хайр, ийм сэтгэл???

Сэтгэлийн минь нандин утсыг юунд ингэж хайр найргүйгээр сийчиж, сэндийлж, тэртээ цаана нь нуугдсан байсан миний хамгийн дургүй хайрын мэдрэмжийг дахин огшуулна вэ Пататэ чи??? хэхэ :р

Мундаг орчуулж байна аа. Баярлалаа л гэж хэлье.

Anonymous said...

patatataaa bayarlalaaa chamd orchuulax turulxiin aviyas bnaa kkkkkkk mash ix bayarlalaa ix shimtej unshlaa. daxiad goyo zvilvvd orchuulj oruulaarai

patatepatata said...

anony> bi turuuchiin heseg deer ni blogiig ni oruulchihsan baigaa.

my favourite> harin tiim uyangalag bichdeg bichdeg huuhen.

freestyke> hehe

Enhriimaa> chinii durtai sedev chini baihna ee dee? hehe

anony> thanx. Daraa ayataihan yum oldvol orchuulah baihaa.

Soul&Spirit said...

Дуусгах гэсэн чинь аймар урт юм аа дараа л гүйцээхээс