Monday, April 17, 2017

Зарим нэг бодлууд - депресс, хүнтэй ярилцах, бусад

Энэ удаад жоохон хүнд сэдэв.

Өчигдөр баран дээрээ сууж байв.
Тэгсэн, үргэлж нүүрэн дээрээ инээмсэглэлтэй байдаг нэг хөөрхөн хүүхэд орж ирж байна.

Хүн цөөтэй байсан болохоор ч тэр үү, ярьмаар санагдсандаа ч тэр үү тэр хүүхэд надтай ярилцаж эхэллээ.

*Танд амиа хорломоор санагдах үе байсан уу?*

Иймэрхүү асуултууд угаасаа цаанаа, тэр хүүхэд өөрөө тэр талаар бодож эхэлсэн үед, ямар нэгэн тусламж, хариулт хэрэгтэй байгаа үед гарч ирдэг асуулт болохоор, би яасан юу болсон гэж асуулгүйгээр ярьж эхэллээ л дээ.

*Байлгүй яахав.  Зөвхөн би ч биш, ер нь манай ангийнханы ихэнх нь энэ талаар нэг бус удаа боддог юм биш үү?* гээд.

*Харин, зүгээр л бөөн эм уучихдаг ч юм уу, эсвэл өндөр дээрээс үсэрчихвэл их амархан болчих юм шиг санагдаад* гээд тэр хүүхэд ярьж байна.

*Хэт их ажлын ачаалалтай, түүнээсээ болоод хүнд депрессийн байдалд орсон үед, эсвэл хайр дурлал, гэр бүлийн харилцаа гээд олон зүйл болж бүтэхгүй байгаад хүнд депрессийн байдалд орсон үед хүмүүс энэ л сүүлчийн сонголт гэж бодогдох, цаана нь байж болох эрсдэлийг бодож үзэхгүйгээр болчимгүй үйлдэл хийх тохиолдол зөндөө байдаг л даа.  Гэхдээ, чи энэ талаар хүний бодол саналыг сонсохыг хүсч байна гэдэг бол ямар ч байсан сайн зүйл.

Би мэдээж амиа хорлохыг муу зүйл, амиа хорлосон хүн тамд унана энэ тэр гээд шашны номлол шиг юм ярихгүй,

Бас, *аав ээж чинь маш их шанална, тэр талаар бодож үзсэн үү?* гэх мэтээр худлаа сайн дүр эсгэсэн асуултууд ч тавихгүй,

Мэдээж би ч гэсэн заримдаа ийш тийшээ аялалаар явах гээд онгоцонд суухдаа *энэ онгоц ингээд л дэлбэрээд, би гэдэг юм алга болчихвол ямар амар вэ?* гэж бодогдох үе зөндөө байдаг л даа. Чамд яг тэрэн шиг *ингээд л алга болчихвол ямар амар вэ?* гэсэн бодол төрдөг талаар л чи ярьж байх шиг байна тэ?* гэлээ..

*Харин тийм.  Зүгээр л ингээд алга болчихмоор байна...*

*Гэхдээ чи нэг юмыг сайн бодож үзээрэй.  Амиа хорлох гэдэг чинь чиний бодож байгаа шиг тийм амархан зүйл биш шүү дээ.  Хүний амь гэдэг чинь их бөх зүйл байдаг...

Жишээ нь, чи сая эм уух талаар ярьж байлаа.  Хүний бие механизм гэдэг чинь их сонин зүйл.
Гадны зүйл орж ирэнгүүт, чи ухаан алдсаны чинь дараа тэрийг чинь буцаагаад бөөлжөөд гаргачихдаг систем байдаг.  Тэгээд, эсрэгээрээ амиа хорлолт чинь бүтэлгүйгээр төгсөөд, чи өөрөө эмнээсээ болоод одооны эрүүл байдлаараа биш, харин эрэмдэг хүн болоод үлдчихвэл яах вэ гэдэг талаар бодож үзэж байсан уу?
Эсвэл өндрөөс үсрэх талаар.  Өндрөөс үсэрсэн чинь аз нь ч гэх юм уу, эз нь таараад зүгээр тахир дутуу болоод амьд үлдчихвэл дараад нь яах вэ гэдэг ч юм уу?
За тэр судасаа ханах манах бол бүр бүтэхгүй.  Хүний цус чинь өөрөө бүрэлдээд гарч урсах урсгалаа хаачихдаг сонин эд байгаа.  Дараад нь нэг шархтай, өвчинтэй гартай хүн л үлдэнэ гээд.  Ер нь бол хүсэхэд хясна гэдэг шиг, зарим хүмүүсийн хувьд амьдрах гээд зүтгэж байхад нь ганц юманд тээглэж унаад үхчихдэг атал, үхэхийг хүссэн хүнд үхэх гэхээр яаж ч хичээгээд үхэж болдоггүй тохиолдлууд их байдаг юм билээ. *

*Хэцүү ч юм даа, үхэх хүртэл тийм хэцүү юм бол*

*Харин тийм шүү дээ.  Миний өмнө нь ярилцаж байсан, нэг бус удаа үхэхийг завдаж байсан хүмүүсийн ярианаас сонсоход, яг үнэндээ үхэхээс илүү, одоо байгаа амьдралаа илүү хөнгөнөөр хүлээж авч, аз жаргалтай амьдрах нь илүү хялбар гэж ярьдаг хүмүүс их байдаг юм билээ.
Тэгээд ч дээрээс нь түрүүн хэлсэнчлэн, чи энэ талаар бодож байна гэдэг, энэ талаар надтай ингээд ярилцаад сууж байна гэдэг, чи уг нь бол өөрт тулгарч байгаа асуудлуудаа шийдээд, инээгээд амьдрахыг хүсэж байгаадаа л болов уу*

*Харин тийм байж магадгүй л юм*

*Бас нэг сонин юм байгаа юм.  Жоохон шашин энэ тэр шиг сонсогдоно л доо, гэхдээ энэ жишээ.
Жишээ нь чи амиа хорлож чадлаа гэж бодьё.  Тэгээд тэр чигтээ алга болчихдог бол уг нь их сайхан.  Тэгсэн, үхсэний дараах амьдрал гээд юм байдаг болж таарвал бас л шатчихсан юм болно тийм биз дээ?
Буддын шашны нэг сонин ойлголт жишээ нь байгаа.  Хоосон чанарт хүртлээ, хүн дахин дахин өөр төрөлд ороод л зовоод л амьдраад байдаг.  Энүүгээр бодохоор, уг нь эцсийн зорилго, хүсээд байгаа юм маань хов хоосон болоод байхгүй болох байгаад байдаг, тэгтэл тэр нь тийм амархан бүтчихдэг эд биш байгаад байдаг талаар, амьдрал бол өөрөө зовлон дээр тулгуурласан зүйл гээд сургаад байдаг.  Бусад шашин шиг *дараад нь диваажинд амьдрахын тулд* биш, харин зүгээр л *хоосон зүйл болохын тулд* номлоод байдаг шашин гэхээр буддын шашин бас их сонирхолтой зүйл байгаа биз?
Түүнээс гадна, юмыг *энэ бол хагас зовлон* гэж харах уу *энэ бол хагас жаргал* гэж харах уу гэдэг сонирхолтой философи байгаа.  Хүн гэдэг сэтгэлийн амьтан.  Өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгаад *энэ бол жаргал* гэж бодохоор жаргалтай болчихдог, харин эсрэгээрээ *энэ бол зовлон* гэж бодохоор улам бүр шаналаад байдаг гэдэг ч юм уу...*

*Нээрээ тэр талаар бодож үзээгүй юм байна аа*

*Тийм болохоор түрүүн хэлсэн шиг, үхэхээс илүү, өөрийгөө хүлээн зөвшөөрөөд амьдрах нь заримдаа илүү хялбар дөт зам байх магадлалтай гэдэг талаар бодож үзэхэд бас сонирхолтой л байх байх*
--------------------------

Ангийн хүүхдүүдийн дунд амиа хорлолт их байдаг талаар судалгаа байдагийг бүгд мэдэж байгаа байх.  Ирээдүйдээ итгэх итгэл, цаашдын карьер, гэр бүл нь яах хүлээж авах бол, нийгэм яаж хүлээж авах бол гээд.
Ийм нөхцөл байдал дунд, ирээдүйд итгэх итгэлийг төрүүлэх, найз нөхөдтэй болох нөхцөлийг бүрдүүлэх, харилцан ярилцах нь маш чухал зүйл мэт.

Тийм ч утгаараа, хоорондоо танилцаж боломж олгодог гэй бар, сэтгэлзүйн зөвлөгөө өгч, эрхийнх нь төлөө тэмцдэг ЛГБТ төв, үлгэрлэн дуурайлах карьертай ахмад хүний яриа, гэр бүл нь хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн яриа зэрэг маш чухал мэт.
--------------------------
Америкт нэг сонирхолтой судалгаа гарсан байсан.
Америкийн 47 мужид өнгөрсөн 17 жилд хуримтлагдсан датаг анализ хийсэн, Америкт ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн нь залуу ЛГБТК хүүхдүүдийн амиа хорлолтыг багасгах үр дүнд хүрсэн байх магадлалтай талаар.

Энэ 17 жилийн дотор, өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолт нь 0.6 хувиар багассан байдаг бол, ЛГБТК хүүхдүүдийн хувь энэ тоо нь 4%-иар багассан тоо гарсан байна.

Америкийн засгийн газар тус тоог 2020 он хүртэл 10%-иар багасгах зорилт тавьсан байгаа аж.

Энэхүү судалгаа нь 1999-өөс 2015 он хүртэл муж мужаар нь амиа хорлох оролдлогуудыг харьцуулан судалсан бөгөөд, муж мужид өөр үр дүн. мөн муж дотроо ч гэсэн он оноос шалтгаалаад өөр үр дүн гарсан байна..  Энэ 17 жилийн дотор нийт 32 мужид ижил хүйстний гэрлэлтийг хуульчилсан байдаг аж.

Ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөөгүй байх үед өсвөр насны амиа хорлох оролдлого нь 8.6%, түүнээс ЛГБТК хүүхдийн 28.5% байсан аж.  Харин хууль батлагдсаны дараа амиа хорлох оролдлогын тоо нь 7% багассан аж. Харин хууль батлаагүй мужуудад ийм эрс багассан үр дүн гараагүй байгаа нь, хуулийн амиа хорлолтыг багасгахад нөлөөлөх нөлөөлөл өндөр байх магадлалтайг илэрхийлж байгаа аж.

АНУ-ын 15-24 насны хүүхдийн үхлийн шалтгааны Но. 2 нь амиа хорлолт байдаг аж.
2016 онд хийсэн судалгаагаар, ахлах сургуулийн хүүхдүүдийн 18% нь *Өнгөрсөн 12 сарын хугацаанд амиа хорлох талаар бодож байсан* гэж хариулсан байдаг ба, энэ тоо нь стрэйт хүүхдүүдийн хувьд 15% байдаг бол, ЛГБТК хүүхдийн хувьд 43% байсан аж.
Мөн энэ судалгаагаар, ЛГБ хүүхдүүдтэй харьцуулахад Трансжендер хүүхдүүдийн амиа хорлох магадлал бүр өндөр байдаг талаар дурдсан байдаг аж.

-----------------------------------------
Ирээдүйд итгэх итгэлийг олон хүнд олгох нь маш чухал гэдэгийн нэг жишээ энэ болов уу.