Tuesday, March 30, 2010

Goyo oguulleg

Ih goyo oguulleg baina.
Olloo deerees olov.


Урд шєнє vнэхээр чанга хоносон бололтой. Чанга гэдэг нь хvйтэн гэсэн vг л дээ. Энэ жилийн євєл миний санах бусад жилvvдийн євлєєс илvvтэй хvйтэн эхэлж байгаа юм.




Уг нь бол хонь мал, хашаа хороо, худаг ус гэхгvй хот газрын бидэнд євлийн хvйтэн, зуны бороо, хаврын хавсрага нэг их хамаагvй мэт. Гэхдээ надад бол хамаараад байгаа юмаа. Яагаад гэвэл би нэг хуучивтар тэрэгтэй. Тvvгээрээ халтуур хийдэг ухаантай. Жаахан давруулбал таксины vйлчилгээ гэх vv дээ. Манай такси бааз нь нэг машинтай, нэг жолоочтой, нэг засварчинтай. Тэр нь би. Харин єєр нэг даргатай. Тэр нь манай эхнэр. За нэг иймэрхvv тєсєрхєн байгууллага даа. Хааяахан, сэтгэл хєдлєл нааштай vедээ би ингэж хошигнодог юм. Vнэндээ бол манай єнєєгийн нийгэмд олон гэр бvл иймэрхvv маягаар амьдарч байгаа. Тэдний нэг нь манайх.

Гэрээсээ аажуу уужуухан гарсан хvн чинь нэг их холгvйхэн байх дулаан граж руу чихээ ойр ойрхон даран, гvйх шогшихын завсар очив. Хvйтний эрч, тэр тусмаа єглєє vvр цайхаас ємнєх vнэгэн харанхуйн жавар тачигнаж байгаа нь энэ аж. Гражны хаалгыг чадлаараа балбавал нилээд удсаны эцэст манаач залуу хаалгаа нээхэд хаалганы завсраар саагих ууран дунд зогсох тvvний єрвийсєн vснээс нь хvртэл халуу дvvгэн байх шиг. Тэр сэрсэн эсэхдээ итгэхгvй байгаа бололтой хир шигсэн хумстай гараараа хоёр нvдээ ээлжлэн нухлана. Би тэрvvхэн хооронд хєлдєж vхэх гэж байгаагаа мэдэхгvй зvvд зэрэглээ шиг харагдах тvvнийг бас шоолон жуумагнав. Тэр залууг хэлэлтгvй би ч гэсэн нойрондоо харам л даа. Гражнаас бензин тосны юмуудаа, нэг тийм техникийн гэмээр vнэр ханх тавина. Гэхдээ энэ vнэрт би аль хэдийн дасаад бvр эергvv санагдах болчихож дээ. Манаач залуу маань гэнэт нэг юм санав бололтой шалавхан хєдєлж, том хаалгыг нээлээ. Бодвол намайг хурдхан шиг гаргах гэж яарсан байх. Гаднаас єглєєний тас хийсэн жавар хуйрагнаж гогцоорон орж ирэх нь гражны жижигхэн ёлтгор гэрэлд сvртэйеэ харагдана. Угаас єглєє эртлэн гардаг байсан болохоор миний тэрэг vvдэнд шахуу байсан хэрэг. Би ч гэсэндээ тэр залууг умгар єрєєнийхєє богинохон ханзан дээр хэсэгхэн ч болов хэвтээд аваг гэсэндээ тэргээ асаан хурдхан шиг гарлаа. Дулаан гражны давуу тал энэнд л байгаа юм даа. Хєєрхий, гадаа хоносон машинуудыг асаах гэж хvчлэхэд ёолох мэт ёнгинохыг хараад яагаад ч юм шээсээ савиртал чихдvvлсэн унага сарваа санаанд ороод байдаг юм. Єрєвдмєєр шvv.

Ингээд гражнаас нэг л гарлаа бол миний баяр хєєртэй эсвэл уйтгар гунигтай нэгэн єдєр эхэлдэг юм даа. Тэрэг чарга гайгvй, орлого дажгvйвтэр бол тэр єдєр сэтгэл тэнvvн, зовхи єєдєє. Харин хvн хар багахан олдоод, тоолдог хэд нь шалихгvй бол цаагуураа гундуу. За тэгээд машин эвдэрвэл ч бvvр нормойж гvйцдэг гэж байгаа. Ялангуяа євлийн хvйтэнд машинаа тvрэх шиг гуниг ер нь байдаг болов уу. За, за тийм єдєр л битгий болоосой.

Би ч сурснаараа тємєр замын буудал руу энэ єдрийн хамгийн эхний галт тэрэг тосохоор хєдєллєє. Угаасаа єдєр болгон л ингэж эхэлдэг юм. Вокзал дээр яваад иртэл заримыг нь зvс таних, заримыг нь огт хараагvй яг над шиг зорилготой нєхдvvд нааш цааш хєлхєлдєнє. Тэд цємєєрєє л хvн тосож байгаа хэрнээ ер тэгээгvй мэт царайлах нь сонин. Удсан ч vгvй галт тэрэг ирлээ. Би ч ухсахийн бараг эхний гарч ирсэн хоёр хvнээс

- Такси авах уу? Хаа явах вэ? гэтэл

- Нэгдvгээр хороолол . . . гэж эрэгтэй нь хєндийвтєр дуугарлаа.

- За, за явъя, явъя. Ачаа бий юу?

- Байхгvй ээ гэх нь цаанаа нэг ихэмсэг. Энэ ч яахав. Хvн, хvн янз янз л байдаг юм чинь.

Нэгдvгээр хороолол учиргvй хол биш ч гэлээ нэг их ойрдоо орохгvй. Заримдаа єглєє хар vvрээр ирчихээд хоёрын хооронд газар явах тохиолдол ч байдаг л юм. Тэрийг бодвол яахав ээ боломжийн эхлэл. Халтуур хийдэг бидэнд vл биелэгдэх мєртєє гэнэн гэмээр нэгэн мєрєєдєл байдаг гэж байгаа. Нэг хvн суугаад л нисэх яваад л . . . тэндээс бас нэг хvн суугаад Амгалан гээд л . . . тэндээс бас нэг нєхєр суугаад Дамба явъя гээд л . . . байх юм гэнэ дээ. Даанч тийм юм гэж хаа байхав дээ. Гэхдээ л сайхан мєрєєдєл шvv.

Тєдєлгvй vvр цайгаад эхэллээ. Харуй бvрий арилж, гэгээ ороход би их дуртай. Санаа дагаад тэр vv сэтгэл ч гэсэн хєнгєрєєд, бvх юм дахин эхэлж байх шиг санагддаг юм.

Удсан ч vгvй єнєє хоёрыг буулгаж, энэ єдрийн эхний орлогоо гар дээрээ авлаа. Цаанаа нэг сайхан л даа. Єглєєний жихvvдэс гараагvй болохоор тэр vv “Одоо л нэг халуун юм уучихдаг бол” гэсэн бодол тархинд эргэлдэнэ. Гэвч цайлж, майлж сvйд болж байхаар ганц ч болов хvн авчих юмсан гэхдээ нэгдvгээр хорооллыг бараг бvтэн тойрлоо. Уг нь нэг буудал бараадаад зогсож байвал бензин тосонд ч гамтай, зvгээр л дээ. Гэхдээ яагаад ч юм би тэгсэнгvй. Ингэж тойрч байгаад л нэг хvн авчих юм шиг санагдаад байв. Би алдаагvй бололтой. Замын хажууд хоёр хvн гараад ирчихсэн зогсоно. “Намайг яг зогсооно” гэсэн совин татаад байв. Такси барих гэж байгаа хvн андашгvй л дээ. Би бvр баярласандаа


- Тэгнээ тэр. Би мэдээд байсан юмаа гэж єєрийн мэдэлгvй амандаа хэлээд хэн нэгэнд єєрийгєє гайхуулах гэсэн мэт машин дотроо ганцаараа хэрнээ ийш тийш харан маасайтал инээлээ. Нэг нь нєгєєгєє тvшисхийн зогсох нилээд биерхvv хєгшин залуу хоёр хvн рvv дєхєєд миний оргилсон сэтгэл унтрах шиг болов. Тэд согтуу харагдав. “Урд шєнєжингєє савсан хоёр байна даа” гэсэн бодол зурсхийлээ. Согтуу хvн зєєнє гэдэг ёстой там шvv дээ. Vглэнэ, дуулна, уйлна, орилно. Бас бєєлжинє. Зарим нь бvр мєнгєє єгєхгvй гэхдээ худлаа агсам тавина. Арай настайвтар нь хоёр хєл дээрээ нэг л итгэлгvй туниа муутайхан гишгэлэх агаад харваас тvvнээс илт залуу харагдах нєгєєх нь тvvнийг лавхан сугаджээ. Зєєлхєн гулссаар нэгэнт зогссон би яалтай билээ. Уначихгvйг хичээн бэдрэх тэднийг машиндаа ойртож буйг цанатай цонхны цаанаас хараад зэвvv, дургvй хvрэвч яаж ч чадсангvй. Тэгтэл залуу нь хаалга нээж

- Сайн уу? Ахаа. Та єнєєдєр хэр завтай вэ? гэх нь эв эрvvл ээ. Тvvнээс архи vнэртсэнгvй. Харин ийм асуулт ирнэ чинээ бодоогvй байсан би юу гэхээ мэдэхгvй хэсэг ангалзсанаа

- Завтай бол яах гэсэн юм? гэж дургvйлхэж буйгаа мэдэгдэхгvйг хичээсэн ч цаанаа нэг хєндийвтєр дуугарлаа. Тэгтэл залуу

- Ингэх гэсэн юмаа ахаа гээд бодлоо цэгцлэх мэт vгээ хэсэг таслах зуур “Эд нар мєнгєгvй болчихсон золигнууд байна ш дээ. Надад яахаараа ийм хєгийн юмнууд таардаг байнаа” гэж бодож амжив. Залуу цааш нь

- Энэ манай аав байгаа юмаа. Тал цус харвалт єгчихсєн юм. Ухаан санаа нь бол эрvvл л дээ. Аав ээж хоёрыгоо Налайх явуулах гэсэн юм. Хэрвээ та зєвшєєрвєл эхлээд Москва хороолол орж эм аваад буцаж энд ирээд манай ээжийг суулгаад явах юм. Vнэ мєнгийг нь гомдоохгvй ээ. Гэхдээ арай км- ээр тєлж чадахгvй нь. Тантай тохирчихмоор байх юм гэлээ

Ямартай ч гэсэн согтуу биш гэдгийг мэдээд тэрvv сэтгэл бага ч гэсэн хєнгєрєв.

- Чи тэгээд хэдийг єгєх юм?

- Танд би хорин мянгыг єгье гэлээ. Надад энэ бага санагдаж байв. Гэлээ гэхдээ энэ их тvгжрээтэй зам дээр гэрлээс гэрлийн хооронд том жижиг автобусанд эсвэл баячуудын жийпэнд шахуулан єдєржингєє уур уцаараа баран явдаг надад учиргvй хол биш ч гэлээ бас ч гэж алсхан гарах нь орчин єєрчлєгдєєд зvгээр ч юм шиг санагдаж

- За яахав тэгье л дээ гэж хэлэхдээ “Хорь арай л бага байна даа” гэсэн харамслаа нууж чадсангvй. Тэгтэл залуу

- За, за би танд арван мянгыг нэмж єгнєє. Таныг vнээ нэмэх байх гэж бодоод би бага хэлсэн юм гэснээ цааш эргэж тvрvvнээс хойш гадаа зогсоо эцгийгээ урд суудалд суулгачихаад, єєрєє суусангvй. Би бага зэрэг гайхаж

- Vгvй ээ чи . . .

- Зvгээрээ ахаа. Манай аав бvх юмаа мэднээ. Та санаа зоволтгvй. Манай аав чинь цэргийн хvн байсан гэсэндээ чанга эр шvv. Харин та яриаг нь муухан ойлгох байх. Гэхдээ яваандаа ойлгогдоноо. Би ажилтай яараад байна гээд нvдээ ирэмчихээд эргээд алхчихав.

“За байз яадаг билээ. Энэ хvн одоо яаж балладаг бол. Буруу зєрvv яваад тєєрч будилаад хамаг бензин бараад эсвэл єтгєн шингэн алдаад мєнгє олох гэсэн биш єдєржингєє нэг євчтэй хvн асраад таарах юм биш байгаа даа” гээд л баахан юм бодож амжив. Амжлаа гээд яахав дээ єнєє залуу аль хэдийн арилаад єгсєн юм чинь. Хий дэмий л тэргээ асаахаасаа ємнє толь юмаа тохируулж байгаа дvр vзvvлж хажуу дахь хvнээ зэрвэсхэн анзаарлаа. Цус харвасан хvмvvс гэхээрээ л яагаад ийм адилхан байдаг юм бvv мэд. Тал харвасан юм болохоор тэр юмуу даа нэг талын мєр, гар нь унжисхийгээд эвгvй. Єрєєсєн завж нь унжаад, шvлс нь гоождог байх гэмээр харагдана. Тэр нуруу туруу єндєр, цээж єргєнтэй ер нь их том хvн юм. Гэхдээ том биетэй хvнд чинь ийм гай дайрчихаар бvр эв хавгvй харагдаад байх юм билээ. Нэгэнт яриад тохирчихсон болохоор тvvнийг гєлрєєд суугаад байж яаж болох вэ дээ. “За єнгєрсєєн, єнгєрсєн” гэж бодоод

- Одоо хаашаа явах билээ? гэж мэдэж байгаа хэрнээ бататгах гэсэн шиг асуулаа. Тэгтэл санаанд багтамгvй бvдvvн, сєєнгє дуугаар

- М . . .Мо. . . Мосвка хороолол гэв.

“Бага зэрэг гацаатай ч гэсэн vгvй ээ бас яахав ээ. Ойлгогдохоор л ярьдаг юм байна” гэж бодоод

- Та чинь сайн л ярьдаг юм байна шvv дээ гэхэд

- Хэ . . . Хэ . . . хэн намайг муу ярьдаг гээв? гэж ууртай ч юм шиг асуув. Би хэлэх vгээ олж ядлаа. Ямар хvv чинь тэгсээн гэлтэй биш. Хий дэмий л

- Vгvй ээ, юу л даа . . . Хэн ч тэгээгvй л дээ гэж ээрч муураад бvр хачин болчихов. Тэр хооронд мань эр жишим ч vгvй сууна. Намайг тэвдэж ядаж байгааг мэдэж байгаа ч юм алга.

- Би таныг тааруухан ярьдаг болов уу гэж бодлоо гээд туучихлаа. “Уурлаад сvйд болдог болов уу” гэж бодсон чинь

- З . . . зv . . . зvгээр ээ, би сайн ш дээ гэж эв хавгvй инээгээд

- Б . . . би . . . би хурандаа Санги гэв.

“Зvгээр ч биш дээ чи” гэж бодсон хэдий ч тvvнээ мэдэгдсэнгvй. Яаж мэдэгдэхэв дээ. Бид явсаар Москва хороолол ортол мань хvн одоо ийшээ, одоо тийшээ гэж хуруугаараа замчилсаар нэгэн эмийн сангийн гадаа ирээд

- Э . . .э . . .энд . . . гэнэ

- Та ганцаараа ороод эмээ авчихаж чадах уу? гэтэл

- Б . . . б . . . би хурандаа Санги гэж хvнгэнvvлэв. Бодвол би цэргийн хурандаа юм чинь чадахгvй яах юм гэж байгаа бололтой. Ер нь тvvний “Би хурандаа Санги” гэдэг vгэнд их сэтгэлийн тэнхээ, итгэл найдвар оршиж байдаг нь илт. Хєл гарынхаа эвийг олон арайхийж буугаад, татанги гараа тохойгоор нь нугалан урдаа авч, хатинга хєл дээрээ доголох маягтай гишгэн єрєєлдєн явах тvvнийг хэн ч харсан эрvvл гэхгvй. Хурандаа маань эмийн сангийн хаалганд тулж очоод надруу зориуд эргэн харснаа эрvvл гараараа хаалга онгойлгон ихэмсэг гэгч нь яваад орчихов. “Хvн ийм vедээ ч гэсэн ихэмсэг байж чаддаг бас л онцгой чанар юм даа” гэж бодож суулаа. Учир нь надад ийм чанар байхгvй. Хэрвээ надад ийм гай тохиолдсон бол бvр нормойж гvйцээ байлгvй. Тvй, тvй шал дэмий юм бодчихлоо. Тvvний энэ ихэмсэг зан нь одоо байгаа байдалд нь зохиогvй ч гэсэн надад байхгvй чанар болохоор таалагдаж байлаа.

Нэг их удсангvй тэр эрvvл гартаа жижигхэн хайрцагтай эм, дєрвєлжин цаасыг цугт нь хам хум атгасаар гарч ирээд машины хаалганд ойртох vед би ухасхийн гарч суухад нь тусаллаа. Тэгэхээс ч єєр арга байсангvй. Тэргээ асаан хєдєлсний дараа хурандаа

- До . . .до . . . долоон мянга. Энэ эм. Их vнэтэй. Гэ . . .гэ . . . гэхдээ би хорооныхоо эмчид vзvvлээд л хямдхан авдаг юм гэж хэлээд эв хавгvй ч гэлээ ихэд бахархалтайгаар инээлээ.

Тиймээ, Хvн заримдаа онгирмоор, сэргэлэн байгаагаа хэн нэгэнд мэдэгдмээр санагддаг vе байдаг даа. Яг тийм мэдрэмж хурандаагийн тэр инээднээс мэдрэгдэж байлаа. Бид ч гэсэндээ хааяа хямдхан юм авчихаараа баярлаж л байдаг даа. Яг тэр мэдрэмж.

Бид буцаж давхисаар анх намайг зогсоосон тэр байшингийнхаа гадаа ирлээ. Хурандаа

- Ма . . .ма . . . манайд оръё. Чи даарна гэлээ

Одоо нэгэнт єєр хvн хайх хэрэггvй болсон тул “Хурандаагийнд ганц аяга халуун юм уунгаа бие засаад авъя” гэж бодоод тvvнийг даган орлоо. Арван найм есєн насны туранхай єндєр хvv хаалга нээж єгєв. Намайг том єрєєнд орохыг урих мєртєє буйдан дээрхи новшийг хурдхан шиг нэг тийш болгоод суулгалаа. Цонх нь буруу харсан болоод тэр vv єглєєний нар тусахгvй юм. Энд тэндгvй хувцас хунар, элдвийн юмс vvгээр тvvгээр хєглєрєєд, цаанаа нэг бvvдгэр. Яг л нэг єглєє болж буй айлын шинж нvднээ илт. Тэднийхээс ундуй сундуй болсон ор хєнжлийн ч юмуу, хуучин эд юмсын ч юмуу эсвэл шєнєжингєє амьсгалсан агаарын хvнд vнэр ханхлана. Цэвэр агаар оруулаагvй удсан байх. Хэдий тийм ч би гэр доторхийг ажиглан харсаар суулаа. Гэтэл хурандаа хvv рvvгээ хандан

- Ч . . .чи . . . чи яасан бэ тэр мєнгє? гэх нь хэзээ ч юм ярьж байгаад орхисон яриагаа vргэлжлvvлж байгаа бололтой. Хvv нь

- Би танд єгсєн ш дээ

- Э . . . э . . . энэ чинь дутуу байнаа. Яасан чи?

- Хэлсэн ш дээ би танд. Мєнгє хэрэг болоодоо гэж . . .

- Хэ . . .хэ . . . хэдийг нь vрсэн чи?

- Хорин таван мянгыг

- Я. . . яа . . . яаж байгаа юм чи. Байтлаа биднээс хулгай хийгээд . . .

- Заа, засс! та ямар сvртэй юм. Би ээжид хэлчихнэ гайгvй гэж дээрэлхvv ч юм шиг, тунирхуу ч юм шиг хэлэхэд хурандаа ихэд сандрангуй амандаа долоовор хуруугаа ойртуулж

- Чшш! тэ . . .тэ . . .тэгж шууд ээждээ хэлж болдоггvй юм

- Тэгээд яах юм? Та чинь хvн загнаад байж гэхэд хурандаа шvлс нь савирсан амаа ангалзуулан байж

- А . . .ар. . . арвыг нь аав єгсєн гэж хэлээрэй гэж арай хийн хэлэв. Хєєрхий хурандаа хvvгийнхээ vрсэн мєнгєнєєс арван мянгыг нь ч болов єєрийнхєє нvvрээр эхнэрийнхээ ємнє тахлах гэж байгаа нь тэр юм л даа. Амьдралын эгшин бvр яагаад ийм хайрын нандин ширхэгтэй байдаг юм бол гэж анзаарсандаа миний дотроос нэг юм огшиж ирэв.

Тэгээд хурандааг ажвал саяын vргэлжилсэн ярианд нилээд тамирдсан бололтой завжнаасаа савиран унжих єнгєгvй цагаан шvлсээ муу тахир гараараа арчмар аядаад надруу харснаа

- М . . .ми . . . миний бага хvv. Оюутан гэлээ. Хvvгийнхээ хийсэн vйлдлийг ч, єєрийнхєє ємєєрсєн шалтгааныг ч маш богинохон мєртєє оновчтойгоор тайлбарлаж байгаа нь тэр.

- Єє, тэгэлгvй яахав дээ. Оюутан хvнд хэдэн тєгрєг хэрэг бололгvй яахав гэж ойлгосноо илэрхийлэн єєдєєс нь нvдээ ирэмлээ. Амьхандаа хурандаагийн сэтгэлийг амраах гэж байгаа ухаантай. Гэтэл хурандаа гэнэт юм санав бололтой

- Зу . . . Зулаа, цай цай гэж огцомхон чанга дуугарав. Ер нь тэр vе vе их хvч гаргаж чангахан дуугардаг бололтой юм. Нєгєє єрєєнєєс

- За, одоохоон одоохон гэх зєєлхєн дуу гарч, удалгvй хурандаагийн эхнэр хоёр гартаа цай барьсаар орж ирлээ. Хурандаа

- Жо . . . жо . . . жолооч гэж намайг заав. Яг л ангийн захирагч шинэ жолоочоо танилцуулж байгаа юм шиг.

- Сайн уу? Миний дvv. За энэ цай ууж бай. Манай энэ гэж юу юуны духанд хvрэлгvй орилчихдог юм зvгээр гэлээ. Тvvний дуу намуухан, дєлгєєхєн ажээ. Гэхдээ би тvvний дууны сайханд уярсандаа ч биш зvгээр л vсгvй шахам болсон толгойг нь гайхан харлаа. Тvvний толгойн vс нь бvгд хогжруутан унаад дєнгєж ургаж байгаа юмуу гэлтэй энд тэндээс нь буржгардуу сєєвгєр цагаан vс сєрвийжээ. Тэр эгч намайг хараад байгааг гэнэт анзаарсан бололтой

- Єє, эгч нь алчуураа зvvхээ мартчихаж гээд нєхєрлvvгээ толгойгоороо дохиж

- Энэ гэж нэг юм хvн яаруулаад тэр байхгvй юv гээд нэг их сайхан инээмсэглээд гарч одлоо. Хэн ч харсан тvvнийг залуудаа сайхан хvvхэн байсан байх гэж бодогдохоор байлаа.

“Яасан хvний vс ингэж унадаг билээ” гэж би ой ухаанаасаа самнаж суув. Бодвол сониуч зангийнх байх. Гэтэл гэнэт “Хорт хавдар” гэсэн бодол харвалаа. “Хорт хавдар туссан хvнд химийн эмчилгээ хийхээр л ингэж vс нь унадаг гэсэндээ” гэж бодож суутал нєгєє эгч толгойдоо нэг алчуур зангидаж ирээд

- Миний дvv цай уугаад . . . гэж vгээ сунжруулан тасалснаа, эргэн тойрноо ширвэж

- Єє, тийм. Энэ альбом vзэж бай. Эгч нь авч явах юмаа бєєцийлж амжаагvй байна. Манай энэ чинь (хурандааг хэлж байна) тэгнэ, ингэнэ гээд хэлчихээр хар vvрээр босож дэвдэгнээд, хамаг амьтныг сандраачихдаг хvн байгаа юм. Харахгvй юv, манай томыг яаруулсаар байж хар єглєєгvvр л аваад гарсан тэгээд чамтай таарч л дээ гээд надад нэг зургийн цомог єгєєд гарлаа. Хурандаа руу хартал, заль хийгээд баригдсан хvн шиг том улаан хэл гарган инээмсэглэж байлаа. Тэр тийм ч муухай харагдсангvй. Харин ч єрєвдмєєр ч юм шиг харагдав. Би єрєвдєх нь утгагvй л дээ. Гэхдээ л “хєєрхий дєє” гэмээр санагдсан

“Айлын зураг vзэж байхад заавал нэг зvс мэдэх хvн таардаг даа” гэсэн бодлоор цомгийг эргvvлж суулаа. Бараг эхний хуудсыг vзээд л надад бишрэх хайрлахаас гадна учиргvй харуусах сэтгэл тєрлєє. Армийн зав залуухан дэслэгч, сайхан, хєєрхєн гэдэг vг багадмаар тийм нэг бvсгvйтэй бєгж солилцож буй хуримын зураг байлаа. Хуримаа хийж байх vе бол хvмvvний, хамгийн аз жаргалтай vеийн сэтгэлийн торгон агшин гэж боддог ч тийм сайхан байсан улс єнєєдєр ийм болчихсон байгааг нь харж суугаа болохоор надад тэгж харуусал тєрсєн байх л даа. Таван хvvхэдтэйгээ авахуулсан нилээн сvvлийн vеийн зураг ч харагдана. Хуудас эргэх тусам зузаан ултай гутал ємсєж, єргєн ємд намируулсан залуус тухайн vеийн оросын бололтой нэгэн хотын гудамжаар инээмсэглэн алхаж яваа зураг нилээд байв. Тэдний дунд хамгийн єндєр нь, хамгийн сайхан нь, бас хамгийн хєєрхєн нь тэр хоёр л байлаа. Єнгєцхєєн харахад тэдгээр залуусын инээмсэглэлд ирээдvйн тухай санаа зовсон бодрол байхгvй ч юм шиг. Байхгvй гэхээр хаашаа ч юм дээ. Ирээдvй нь хаа нэгтэйгээс тэдэн рvv инээмсэглэн байгаа юм шиг тєсєєлєгдєнє. Тэдний ирээдvй гэрэлтэж байдаг байсан байх гэмээр ч юм уу.

Зулаа эгч хоёр гартаа хоол барьсаар ирээд нэгийг нь нөхрийнхөө өмнө тавьж, нэгийг нь надад өгөхдөө



- Дүү, халаасан хоол иддэг үү? гэлээ.


Надад ямар эрээ цээрээ байх биш дээ. Тэгээд ч халаасан хоолонд, тэр тусмаа хоноод шөлгүй лагайчихсан хоолонд би яагаад ч юм дуртай. Шөл нь гуриландаа шингээд амт нь сайхан л даа.



- Иддэгээ л гэлээ.

- Зарим хүн хоносон хоол иддэгүй гэдэг болохоор эгч нь асуулаа. Түүнээс биш асуухаар асга гэдэг. Өчигдөр манай энэ хэдийн зутагнуулсан хоол. Өдөржингөө халтуур хийгээд давхихаар өлсдөг л байлгүй яав гэж гэх нь намайг нилээн сайн анзаарсан бололтой юм. Зулаа эгч их яриасаг бөгөөд түүний дууных нь өнгө урссан, намуухан аястай. Ер нь л зүрхэнд их ойрхон дуутай хүн юм.



Би шөлгүй шахам будаатай хоол халбагдах зуураа цомгоо харж

- Та хоёр хойно сурдаг байсан уу?

- Тийм, Одесст, Аль далан таван онд

- Та хоёр тэгээд нэг сургууль төгссөн юм уу? Ер нь та нар яаж танилцсан юм бэ?

- Үгүй, үгүй. Би юу гэж цэргийн сургууль төгсөх вэ. Манай хотод монголчууд тийм ч олон байгаагүй. Эдний сургуульд дөрөв таван нөхөр, манайд гурван охин л байсан



- Э . . . э . . . Зулаа хамгийн хөөрхөн нь байсан хэ хэ гэж хурандаа сахилгагүй ч юм шиг этгээд маягаар инээхэд Зул эгч

- Тэгээд л цөөхөн охидууд байсан болохоор энэнд аз болохгүй юү гээд хурандаа руу шоолонгуй харав.

- Б . . . би . . . ха . . .хамгийн мундаг нь байсан гэж хурандаа нилээн бардам дуугарахад.

- Мундагаа ч хатдаа нэг л их горзойсон улаан юм л байсан. Үгүй ээ гэхдээ тэдэн дундаа гайгүй нь байсан шиг байгаа юмаа. Спорт, урлаг гээд юм юманд л оросуудтай хамт оролцож явдаг залуу байсан.



Тэгээд л танд таалагдаж эхэлсэн үү?

- Таалагдах юу байхав. Би дөнгөж очсон шинэ амьтан. Энэ чинь гуравдугаар курсийн том курсант.

- Ц . . . цэ . . . цэцэг өгдөг би. Дандаа . . .

- Өө, тийм. Манай байранд ирэх болгондоо надад нэг их гоё цэцэгнүүд авчирч өгнөө. Цэцэг чинь бас ч гэж оюутан бидэнд үнэтэй л санагддаг байсан. Тэгтэл энэ багц багцаар нь бариад л ирнэ.



- Б . . . би . . . ба . . . баян курсант байсан юм чинь гэж хурандаа хэлэхэд Зул эгч яг л тэр үедээ очсон мэт нэг их инээснээ

- Баян байхдаа яахав дээ. Балиар амьтан. Эдний сургууль хотын захруу, нилээн зайдуу. Тэр дүүрэгт нь голдуу хашаатай, тэндээ цэцэг жимс ургуулдаг Деревнья маягийн айлууд байх. Тэгсэн чинь сүүлд нь сонсох нь ээ мань эр тэр хавийнхаа айлуудын цэцгийг туугаад л надад авчирч өгдөг. Би болохоор яасан мундаг ах вэ гээд л . . . хөгжилтэй



- Но . . . но . . . нохойгоороо намайг уруулах гээд . . .

- Хөөрхий тэр хавийн орос бабушканууд бүр уураа бардаг байсан шиг байгаа юм. Ямар сайндаа сүүлдээ бүр нохойгоо өөдөөс нь тавьдаг болсон гэсэн



- Тэгээд цэцэггүй ирдэг болсон уу?

- Яахав тэгээд бид хоёр бие биендээ ойртож байсан үе таараад цэцэгний шаардлагагүй болчихгүй юү. Ер нь эрчүүд чинь тийм ш дээ. Эхлээд л нэг их сүрхий байснаа сүүлдээ яадаг билээ дээ. Чи мэднэ биз дээ гээд инээлээ. “Нээрээ ч бид ч дээ нэг л тиймэрхүү шүү” гэж бодоод ярианы сэдвийг өөрчлөх санаатай



- Би яагаад ч юм жар, далаад оны ийм зураг харахаар налгар, тайван тийм нэг нарлаг өдрүүд санаанд ордог юм.



- Тийм үү? Өнгө ч үгүй хар цагаан зураг юм болохоор нэг сүг сүүдэр шиг юмнууд харагддаг гэж хэлэх гэж байгаа юм байх гэж бодлоо гэснээ нэг их тасхийтэл цочмогхон инээгээд



- Худлаа, худлаа. Надад ч бас тиймэрхүү бодол төрдөг юм. Одоогийн та нарыг бодвол бид ч зорилгогүй шахам улс байсан шиг байгаа юм.



- Яг тийм ч биш байх л даа. Зүгээр л, сургуулиа төгсөөд хаана ажиллах, тэр ч бүү хэл хэдэн төгрөгний цалин авахаа мэддэг байсан болохоор ирээдүй нь бараг харагддаг байсан байх. Одоо ч бид нэг л юу нь мэдэгдэхгүй нүүгэлтсэн хар юм руу орох гэж байгаа юм шиг л төсөөлөгддөг юм.



- Харин тэр тусмаа л сонирхолтой ш дээ. Тэгээд ч чиний хэлээд байгаа тэр нүүгэлтсэн хар юмыг чинь залуу нас гэж нэг сайхан юм л гэрэлтүүлж өгдөг юм даа.

Ай даа! Залуу насаа гэж . . . гээд үгээ тасалж хэсэг байзнаснаа



- Юутай ч зүйрлэшгүй эд юм даа гээд нэг их урт санаа алдав.

Бидний яриа огцомхон өрнөсөн шигээ гэнэтхэн нам болчихов. Гэрт, хурандаагийн хоолоо эвгүйхэн сорохоос өөр чимээгүй хэсэг сууцгаалаа.



Зул эгчийн яриа яагаад ч юм надаас хүртэл залуу насыг өмгөөлөх аястай. Аргагүй юм даа, би тэр хоёроос залуу байвч тэр зурган дээрх залуусаас аль хэдийн хөгширсөн байсан болохоор тэр байх. Сая тэр харахгүй юү, залуу насных нь тухай ярихаар тэдний нүд нь сэргээд л, инээж хөхрөөд л . . . Хурандаа ч гэсэн өөрийнхөө хэмжээгээр ярианд оролцчих гээд л . . . Ер нь ч тэгээд залуу насыг эрхлүүлэх ч хэрэгтэй юм билүү хэн мэдлээ дээ.

- Чи л дээ!...

- Чи л дээ! Ингээд асгаад цутгаад байх юм. Ядаж наад хоолоо аятайхан идээд сурчих л даа гэж задран хэлэх Зул эгчийн дуу орчныг сэрээв. Би тэр үед нь “Хөөрхий, өрөөл татанхай хүнийг ингэж задраад ч яах юм билээ. Үргэлж цуг байгаа болохоор төвөгшөөдөг юм болов уу” гэж бодож суулаа. Эхнэрээ энгэрийнх нь будааг унагаж байх зуур

- Б . . . Би хурандаа Санги . . . л гэж байв.

- Юуны чинь хурандаа Санги гэж, гэж Зул эгч амандаа үглэнэ.

Би хэдийгээр хүн өрөвдөөд байх хүн биш ч гэлээ тэднийг харжээ суухад нэг л тийм өрөвдөм зураглал нүдэнд тодроно.

Хооллож дууссан бид явах боллоо. Аав ээжтэйгээ цуг нэг тийш явахдаа хүүхэд хөөрцөглөдөг шиг хурандаа маань хөнгөмсөж, хэдэн өрөөнийхөө хооронд хэрэндээ л хурдан, хурдан өрөөлдөн алхана. Нөгөө өрөөнөөс Зул эгч

- Үгүй чи, холхиод байхаар хувцасаа өмсөөч

- Гу . . .гу . . .гутал. Миний гутал

- Миний хүү, аавынхаа гутлыг өмсгөөд өг. Харин чи уначихваа. Хана түш гэхэд

- Би . . . би . . . хурандаа Санги гэнэ.

Одоо би түүний өөртөө итгэлтэй байгаа үедээ “Би хурандаа Санги” гэж хэлдгийг ойлгох болжээ. Зул эгч хурган дотортой хөх торгон дээлийг жимбийтэл бүслээд өмссөн байхыг хараад миний нүд өөрийн эрхгүй дальдарч, хурдхан шиг гарлаа. Яагаад гэвэл Зул эгч хоёр хөхгүй байв. Гэрийн халаадтай байхад нь би анзаараагүй байх. Миний төсөөлөн байсан онош мөн байжээ. Шат уруудаж явахдаа “Тавын таван хүүхэд хөхүүлж өсгөсөн түүнийг яалаа гэж ийм хэрцгийгээр шийтгэнэ вэ” гэж бодохоос ойр дотны минь хүн өвдсөн юм аятай харамсал төрж байсан юм. Бүр машиндаа орж суусан хойноо ч гэсэн “Амьдрал гэдэг хатуугаа үзүүлэхээр ямар хатуу байдаг юм бэ. Хэн хүний нүд булаам тийм сайхан байсан хосыг ийм болгочихдог даанч дэнүү хорвоо юмдаа” гэхээс голоос нэг юм зулгаасаар байв.

Есөн давхар байшингийн орцны төмөр хаалга хяхран онгойж өнөө хоёр маань нэг нь нөгөөгөө түшсээр гарч ирлээ. Хүү нь суулгалцаж өгөөд үлдэв.

- Танай хүү чинь явахгүй юм уу?

- Хичээлтэй гэнээ.

- Аан, Уг нь явсан бол. Энэ хальтаргаа гулгаатай үед та хоёрт дэмтэй юм даа гэж хэлэхдээ би тэр хүүг чамлангүй байгаагаа нуусангүй

- Харин тийм ээ. Гэхдээ хичээл ном, ажил төрөлтэй эдэнд бид саад болоод юүхэв. Эд урдахаа л хийж байвал барав гэх нь хүүхдүүддээ саад болохгүй гэхээсээ илүү огт танихгүй надаас өмөөрч байсан байхаа ч ядахгүй.

Тэднийг суусны дараа эргэж буцах вий гэж хаширлахдаа

- Өөр юмаа мартаагүй байгаа гэж анхааруулахад Зул эгч юмаа бүртгэх мэт тойруулж харснаа

- Гайгүй юм шиг байнаа, миний дүү. Одоо хөдлөе гэлээ.

Биднийг тэгж ингэсээр байтал хотын хөдөлгөөн ихсэжээ. Энд тэндгүй л түгжрээ. Угаасаа л ингэдэг юм хойно яая гэхэв. Зайчилж явсаар шатахуун нэмэхээр зогслоо. Зул эгч гэнэт санасан бололтой

- Өө, май миний дүү. Гучин мянга гэсэн байхаа? Манай том хүү өглөө тэгж хэлсэн гээд мөнгө өгөхлөөр нь хорин мянгад нь бензин хийлгэн үлдсэнийг нь халааслаад, цааш замд нийлэхийн алдад бидний өмнүүр нэг жижигхэн улаан тэрэг шурхийн өнгөрөхөд

- Э . . . э . . .энэ . . .энэ гэж мартсан зүйлээ гэнэт санасан мэт хурандаа нэг их муухай дуугаар бид хоёрыг цочтол хашгирав.

- Ямар юмаа харчихаад хашигичаад унав даа гэж Зул эгч цочсоноосоо болон уцаарлан асуухад хурандаа тэртээ цааш хурдлан давхиа сүүлийн үед ихэд харагдах болсон японы жижигхэн машиныг хуруугаараа зааж

- Ч . . . ча . . . чамд тийм машин аваад өгчих юмсан. Тэ . . .тэ . . . тэгвэл чи унаад л . . . Би . . . би . . . хажууд нь суугаад л . . . хэ хэ гэж ирээд л нүүр дүүрэн инээгээд

- Я . . . яаг ийм улаан гэхэд түүний нүүрнээс инээд нь арилаагүй л байлаа.

Хөөрхий тэр тахир нүүрэнд нь инээд тэгтлээ их зохиогүй ч тэр жаргалтай харагдаж байлаа. Хурандаа маань бас эхнэртээ улаан өнгийн машин аваад өгөхсөн гэж боддог л байх нь байна шүү дээ. Хорвоо гэдэг юутай баян бэ.

Би энэ өдөр огт танихгүй хүмүүстэй явж байгаа хэрнээ хэзээний танилуудтайгаа яваа юм шиг сэтгэлд нэг л дулаахан сайхан байлаа. Тэдний хэлж байгаа, хийж байгаа бүхнээс амьдралд итгэх, түүнийг хэзээ ч дуусахгүй мэт сайхнаар харж чадах нь үнэхээр өөр байдаг юм байна даа гэсэн бодол төрж явлаа.

Бид замдаа шуударч, машины мотор нэгэн хэмээр хүнгэнэнэ. Замын хагархайг нөхсөн гувруун дээгүүр хөлдүү дугуй пад пад дуугаран урагшлана. Энэ замыг тавь жараад оны үед барьсан гэхэд хаа очиж их сайн тавьсан зам шүү. Хотоос гарсан болохоор задгай салхинд цасан шамрага цардмал зам дээгүүр явгалах нь үелзэх үүл мэт.

Нэг мэдсэн чинь бид нам гүм болцгоочихож

- Ингэхэд та хоёр айлд очих гэж яваа юм уу? гэж намайг яриа өдөхөд Зул эгч

- Тиймээ. Нэг бөө байдаг гэсэн. Улс амьтан сайн л гэцгээх юм.

- Бөө ч дээ мэдэхгүй. Хэр байдаг юм бол доо

- Дүү минь. Өвдсөн хүн гэдэг чинь хүний амаар л байдаг юм хойно “Нээрээ,очвол гайгүй болдог болов уу” гэж горьдсоор бид хоёрт очоогүй газар, ус, үзүүлээгүй эмч, домч, угаагүй эм тан гэж байхгүй болсон доо гэх Зул эгчийн нөгөө сайхан дуу нэг л тамирдангуй сонсогдлоо. “Өвчин гэдэг ямар ч хүнийг цөхөрүүлдэг бололтой. Харин ч хаа очиж ихээхэн сэтгэлийн тэнхээтэй улс юм” гэж бодлоо.

- Та өөрийгөө үзүүлэх юм уу? гэж асуучихаад “Би юугаа асуучихав даа” гэж амаа барих шахав. Учир нь уулзсан цагаасаа эхлээд Зул эгч өөрийгөө өвчтэй гэж нэг ч удаа ам ангайгаагүй байсан юм. Тэгтэл харин хэзээний мэддэг хүнтэй ярьж байгаа юм шиг

- Үгүй дээ. Энийг л нэг гайгүй болгочих юмсан гэж бодох юм. Би ч одоо яахав . . .

- Юу гэсэн үг вэ? Харин ч сэтгэлээр өөдрөг байвал ямар ч өвчин эдгэдэг гэсэн гэж хэрэндээ урмын үг хэлж буй боловч элсэнд дуссан дусал ус мэт хэнд ч хэрэггүйгээр чихний хажуугаар замхарч байгаа нь тодорхой байлаа. Гэтэл ухаалаг, сайхан хүн гэдэг хэзээ ч гэсэн тэр хэвээрээ л байдаг зангаар Зул эгч

- Харин тиймээ. Тэгж бодоод л, эгч нь инээж ханиагаад л, юу ч болоогүй юм шиг явдаг юм. Ер нь хүн өвдлөө гээд бусдын өмнөөс өвдсөн мэт байж болохгүй ш дээ. Муу хань ижил, үр хүүхэд, ах дүүсээ мөн ч их зовоолоо. Одоо болно. Тэгээд ч одоо нэг их юм бодохоо больсоон гэлээ. Хэдийгээр надад мэдэгдэхгүйг хичээж байгаа ч цөхөрч гүйцсэн тэр өнгөө нууж чадаагүй юм.

Урд сандалд суучихаад, дээд талынхаа гогцооноос өрөөсөн гараараа атгачихсан яг эрүүл саруул байхдаа иймэрхүү дарга явсан болов уу гэмээр дүртэй явсан хурандаа маань таг дуугайхан яваа ч дотроо чухам юу бодож явааг хэн мэдэх билээ.

Тэгтэл хурандаа гэнэтхэн

- Ш . . . шэ . . . шээлээ. Би шээлээ гэж хашгирав. Би ч замын хажуугийн бартааг харж зогсох гэсэн боловч надад тийм завдал өгсөнгүй. Хурандаа яаран сандран бууж явган шуурганд уруудах мэт өрөөлдөн хэд алхаад бие заслаа. Түүний араас харж суусан Зул эгч

- Хөөрхий дөө, ийм ч хүн байгаагүй юмсан. Өвчин гэдэг хэлж ирэхгүй юм даа

- Залуудаа ч мөн аатай хүн явсан биз?

- Тэгэлгүй яахав. Жинхэнэ эх орны хүү, эр цэрэг явсан байхгүй юү. Арми гэдэг чинь эрчүүдийн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж өгдөг газар. Мэдээж хүн л юм болохоор сайн муугаараа ялгардаг л юм. Тэр дундаас бие бялдар, эр чадал, эрдэм ухаан адаглаад энэ олон эрчүүдийн зүрхэнд хоногштол командлах эр хонгор дуугаараа хүртэл ялгаран гарч, анги дивизийн мянга мянган офицер цэргүүдийг өмнөө жагсаана гэдэг чинь ховорхон хувь заяа л даа. Ер нь армид яагаад бие биендээ ёсолдог гэж бодож байна. Энэ чинь “Би чамаас бага шүү” л гэсэн үг шүү дээ. Залуу ч явсан, цойлгон ч явсан муу ханиараа бахархаж явсан үе надад бий. Гэтэл одоо өөрөөс нь өөр “Хурандаа Санги” гээд хэлчих хүн олдохгүй болчихно гэж байдаг л юм байна. Ер нь тэгээд дүү минь амьдралын өдрийг өдөрт нь хайрлаж явах хэрэгтэй юм байхаа даа гэснээ санаа алдаж

- Айдаа! Амьдрал гэдэг сайхан юмаа. Амьдрах бүр ч сайхан юм. Үүнээс илүү хишиг гэж хүнд байдаггүй биз ээ . . . гэх Зул эгчийн яриа намуухан хөвөрнө. Би түүний яриаг тасалж зүрхэлсэнгүй.

Хурандаа дуусав бололтой эргэж ирэхэд Зул эгч ухасхийн бууж хурандаагийн өмдний цахилгааныг татаад, тэрүүхэн хавьд норсон хэсгийг ер эрээлэлгүйгээр гараараа гөвөх мэт арчингаа

- Ишш! Чи минь дээ. Чамайг би өмд хамдан дээрээ дусаалгүй бие засаад сурчих гэж мөн олон удаа хэлэх юм даа. Чи гэж хэдэн хүүхдээ зовоосон хүн болох гээд байгаа юм уу? Чи бид хоёр юу гэж тохирлоо? Мартаагүй биз?

- Б . . . би . . . хурандаа Санги

- Тэгээд, тэгээд хурандаа шиг бай л даа хэмээн ярилцах тэдний дуу дутуу хаагдсан хаалганы цаанаас бүдэгхэн ч гэсэн сонсогдсоор байлаа. Хэрвээ тэдний амьдралыг голын урсгал хэмээн төсөөлвөл би эрэг дээр нь суугаа мэт. Харин Зул эгчийн дууг голын шаригаа гэлтэй. Тэд тийм нэг энгүүн хэрнээ намуухан улс байв.

Бид цааш давхисаар удалгүй Налайхын наад талын гүдгэр дээр гарч ирэв. Хуучны буурал тосгон өвлийн жавар, нүүрсний утаа хоёртоо дарагдан навсайн хэвтэнэ. Энэ жижиг хотхон үйлдвэр, уурхай ажилласан, тухайн үеийн залуучуудын хотжин соёлжиход ихээхэн хөшүүрэг болсон нэгэн төв байсан гэхэд одоогийн залуус итгэхэд бэрх. Бидний явж байгаа эдгээр гудамжинд залуус хайрлан дурлалцаж, халуухан гараа атгалцаж, хаврын цэцэгс шиг дэлгэрч явсан гэхэд худлаа ч юм шиг. Одоогоороо хүн зон амьдарч байгааг мэдсээр байж миний ингэж бодох нь өрөөсгөл л байх л даа. Гэхдээ л надад энэ хотхон яагаад ч юм тэртээ он жилүүдийн аглагт гээгдэж хоцорсон мэт шүүрс алдмаар санагддаг юм.

Гудамжаас гудам дамжин, тахиралдаж мушгиралдан явсаар булан тохойд нь цацаг яндар болсон нэгэн шургаагаан хашааны дэргэд ирцгээлээ. Бодвол өнөөх бөөгийнх бололтой. Нэгэнт хүрэх газраа ирсэн болохоор тэднийг буулгаад, халаасанд үлдсэн арван мянган төгрөгийг авч Зул эгчид өгвөл

- Хүүе! яахнав миний дүү. Наад бензин тосоо ав

- Зүгээрээ. Та хоёр харин эм тандаа нэмэрлээрэй

- За, за баярлалаа миний дүү. Буян чинь дэлгэрч яваг

- Та хоёр ч гэсэн сэтгэлээр чанга байж, хурдан эдгээрэй гэлээ. Надад тэрнээс өөр олигтой үг ч олдсонгүй.

- Замдаа болгоомжтой яваарай. Халтиргаа их байна шүү гэж Зул эгч аминчлан захив. Цаана нь хурандаа маань өрөөсөн мөрөөрөө шургааган хашаа налсан хэр нь яг л өглөөнийх шигээ ихэмсэг гэгч нь зогсоно.

Би машиндаа суухаасаа өмнө хурандаа руу харж гараа чамархайндаа авч цэргийн ёсолгоог дүрслэхэд хурандаа маасайтал инээгээд хариу ёсолж харагдав. Магадгүй түүнд сайхан ч байсан байж болох юм. Би гудамжны булан тойрохдоо голынхоо толинд харвал тэд хашааныхаа гадна бөртөлзөх нь машины яндангаас саагих цагаан ууран дунд бүүр түүрхэн харагдаж байв.

Гудамжны энхэл донхолд овогнуулсаар төв зам дээр гарч ирэхэд хот явах гэж байгаа болов уу гэмээр хэдэн хүн зогсоно. Тэднийг авъя гэж ч төвдсөнгүй, тэд ч гар өргөсөнгүй. Мөнгөнд дургүйдээ ч биш. Зүгээр л нэг хэсэг гав ганцаараа баймаар санагдаад гэх үү дээ.

Би хүссэн хүсээгүй бодолд автан явна.

“Хэзээ ч өвдөж болох, магадгүй хэзээ ч үхэж болох энэ амьдралд хүн ер нь яаж амьдрах ёстой юм бол? Өнөөдөр тэгж ч магадгүй, ингэж ч магадгүй гээд бээцийгээд явах нь хаашаа юм. Гэхдээ л Зул эгчийн хэлсэнээр амьдралыг өдөр өдрөөр нь хайрлаж, амьдралд хамгийн анзаарагдамгүй сайхан бүхнийг анзааран эрхлүүлж, тэжээж явах нь сайн сайханд хүрэх магадгүй цорын ганц гарц юм байхаа даа. Зул эгч үнэн хэлжээ”

Ийнхүү бодож явснаа би гэнэтхэн тоормозоо гишгэлээ. Машин чухам яаж шүүхэн гулгаж зогссоныг ч анзаарсангүй. Зөрж буй машинууд дохио өгөхийг бодоход ихэд эвгүй зогссон байх. Зул эгч энэ хорвоогоос түрүүлж явах юм байна гэдгийг гэнэтхэн ойлгосон болохоор тэр. Тиймээ, тэр түрүүлж явах юм байна.

“Хоолоо асгаж цутгалгүй идэж бай л даа” гэж зандарч, “Өмдөн дээрээ дусаалгүй бие засаад сурчих л даа” гэж гуйж, “Хэдэн хүүхдээ зовоосон хүн болох нь дээ чи” гэж санаа зовох нь ерөөсөө “надаас хойш” гэсэн утгатай байсныг дөнгөж сая л ойлгосон болохоор би тэгж гэнэтхэн зогссон хэрэг. Тэр ч байтугай “Чи бид хоёр юу гэж тохирлоо” гэж байсныг санав.

“Хөөрхий дөө, хаашаа ч мултарч чадахгүй болсон энэхэн хувь заяаныхаа энэлэнг хэзээ ч юм магадгүй шөнийн бүрийгээр орондоо шивнэлддэг байж ч болох юм. Осолдохгүй хүүхдүүдээ байхгүй үед хоёрхон биендээ ярьж, арга ядахдаа “тохиролцож” хүртэл үзсэн байх нь. Чи надаас арай урт наслана гэж нэг нь хэлж нөгөө нь зөвшөөрсөн байх нь байна шүү дээ. Ямар их гачлан, ямар их цөхрөл, ямар их уй вэ? Бас ямар их хайр вэ? Яг тэгж ярьж байх үедээ хоёул хоёулаа ийм гайд унасандаа энэ хорвоод яасан их гомдоо бол. Хурандаа ч яахав эр хүн гэж бодоход Зул эгч ямар их уйлаа бол. Эмэгтэй хүн хоёр хөхөө авхуулчихаар чухам юу боддог бол. Ёстой хэдэн хүүхдээ бодоод л улаан гол нь тасардаггүй байх” гэж бодонгуут миний самсаа шархирч байлаа.

Зогсоод хэр удсанаа мэдсэнгүй. Машин хөрсөн байхыг бодоход овоо удсан бололтой. Цаг яагаа ч үгүй байхад хотод орж ирлээ. Дөнгөж цайны цаг болоод хүмүүс ид хөлхөлдөж, хэд тойрвол тойрчихмоор байвч би тэгсэнгүй шулуухан явсаар граждаа ирэв. Манаач залуу маань өглөөг бодвол бүүр хүн төрх орчихсон эртээ гэгч нь тэргээ тавьж байгааг минь ихэд гайхсан янзтай

- Ах хүү яасан? Яагаад ийм эрт бууж байх юм?

- Өнөөдөр жаахан эрт харимаар санагдаад

- Аан, авгайгаа санаа юу? гэж маасайтал инээв. Өөр үед байсан бол би юу гэх байснаа мэдэхгүй юм. Харин яг тэр үед би түүнийг харжээ зогсохдоо “Хүн ер нь инээмээр үедээ инээж л байх нь зөв юмдаа” гэж бодож байлаа. Тэгээд

- Өнөөдөр ах нь эхнэртээ мөнгөгүй өдөр зарлая гэж бодоод гэж маазрах аятай хэлсэн боловч тийм ч марзан болсонгүй. Нөгөө залуу

- Заримдаа ч мөнгөгүй байх нь жаргал байдаг юм шүү дээ гэж өөрт нь зохиогүй ч гэсэн ихэд догирхов. Гэхдээ надад жаргал гэдэг үг нь яагаад ч юм тааламжтай сонсогдсон.

Тэндээс гараад гэрийнхээ хажуугийн мухлагт орж хүүгийнхээ дуртай чихэрнээс авах гэтэл мөнгө байдаггүй. Түрийвчнийхээ жижиг халаасыг ухаж нилээн дээх нь хийсэн арван мянгатыг гаргалаа. Нугалаасаараа урагдахаа шахаж. Хааяа нэг дүрэм зөрчөөд торгуулвал хэрэг болж магадгүй гэж хадгалж явдаг юм.

“Өнөөдөр ямар ч орлоггүй хэрнээ жигтэйхэн эрт буусан болохоор гэрийнхэн маань гайхах л байх. Гэхдээ яахав. Тэдэндээ нэг сайхан хоол хийсгээд, тойрч суугаад идсэн шиг, хүүхдүүдтэйгээ тоглосон шиг шуугилдаж өнжье байз” гэж бодсоор гэр лүүгээ алхлаа . . .

Төгсөв.



Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2010 оны 2 дугаар сар 22

8 comments:

freestyle529 said...

уншаад уйлмаар ч юм шиг, гуниг төрж билээ. сайхан өгүүллэг шүү.

Anonymous said...

Uu namaig unshjah hoorond freestyle ursuud comment bichij.yostoi huurhun uguulleg bna.sanaa aldmaar

freestyle529 said...

хэ хэ. каролин би уншилгүй бичсийм чинь :-p

Unknown said...

Hun unsh gehgui l bol uuruu olj unshihgui uguulleg bh shig bnaa. Ergen toirond hurandaa Sangi, Zulaa egch shig humuus olon baisan bolohoor zurh hunduur bolchihloo. Yamar ch baisan ineemeer uyedee ineegeed l yavj bya daa, gunigtai bolgochihloo...

hina said...

fedopil genuuu yuu gsn ug be? yamar turliin belgiin chig handlaga yum be ehhe

hina said...

sorryyyy uguullegiig daraa ni l dur hureheree unshinaa :pppp...

patatepatata said...

freestyle> goyo oguulleg te? neg tiim hunguhun gunig toruuldeg

caroline> chi 1r angi uu te? Udaan unshij baina, keke

erdenechimeg> daraa ineedmiin oguulleg tavina aa, keke

hina> chi ih zalhuu ain? kekeke

БэМэР said...

энийг уншаад амьдрал нийх их гомдож билээ.. тэр гомдол хэд хоног цээжин дээр дараастай байсан даа..