Friday, August 01, 2014

Гэрлэлтийн талаар зарим нэгэн бодол (орчуулга)


Нодлин жилийн 4 сард, драг хувцас, будагаа байнга авдаг Окадая гэдэг дэлгүүрийн цонхон дээр Вуди, Баз хоёрын хуримын хувцастай чимэглэл тавигдсан байв.


Ижил хүйстэнтэйгээ гэрлэх тухай яриа, энэ хүртэл газар авсан байна л даа.

Эртээр миний нэг таньдаг камераман над дээр ирээд, *Манай хоёр найз (гомо) хуримаа хийх юм, тэгээд баярын мэндчилгээ чамаар хийлгэх гэсэн юм* хэмээн инээмсэглэн хэлэв.

Намайг сайн мэдэх хүмүүс сайн мэдэж байгаа байх.  Би угаасаа улаан зөрүүд, ядаргаатай ааштай баагий гэдэгийг.  Хүн баруун гэвэл заавал зүүн, хүн тэмээ гэвэл заавал ямаа гэдэг зантайг.

Ижил хүйстэнтэйгээ гэрлэх талаар ч гэсэн бас нилээд ярвигтай өөрийн бодолтой л доо.

Гэхдээ тэглээ гээд мэдээж энэ талаараа энэ танилдаа дахин давтан тайлбарлаад байх нөхцөл ч байсангүй, тэгээд ч ингэж инээмсэглээд ирж байхад муухай аашлах нь ч хаашаа юм.
Гэхдээ л нэг л сэтгэл онгойдоггүй.
Энэ хүний логик нь шууд харагдаад байгаа болохоор...
*Манай (гомо) найзууд хуримаа хийх гэж байгаа юм --- Баярлууштай зүйл болж байгаа биз дээ -- Чи ч гэсэн баярын мэнд хүргэж өгөөч* гэсэн логик...
Гэхдээ байж бай даа?  Тэр хуримлаж байгаа хоёрыг нь би таних ч үгүй шүү дээ?

Ингэхээр энэ дотор нь бас нэг ийм логик яаад байгаа юм шиг.

 *-- чи ч гэсэн гомо юм чинь, мэдээжийн хэрэг ижил хүйстэнтэйгээ гэрлэх талаар дэмждэг л биз дээ? -- тэгэхээр баяр хүргээч* гэсэн логик

Энэ миний хамгийн дургүй логик байгаа юм.  ХХ болохоор УУ байх естой!  Эр хүн бол эр хүн шиг байх ёстой!  Гомо бол ижил хүйстний гэрлэлтийг дэмжих ёстой!  гэх мэт.



Зиаг тэгээд, би яагаад энэ танилдаа зүгээр л *баяр хүргэе* гэдэг үгийг хэлж чадаагүй вэ....

Энэ нь, *тэртэй тэргүй надад гэрлэх хүн олдохгүй (царай муутай)* болохоор ингэж муухай аашлаад байгаадаа юм биш шүү!!  Зүгээр л *Гэрлэлт* гэдэг системийн талаар өөрийн гэсэн бодолтой болохоор юм.  Тэрнээс биш ЦАРАЙ МУУТАЙДАА муухай аашлаад байгаа юм биш шүү!! (давтав).

Миний бодлоор, гэрлэлт гэдэг нь эсрэг хүйсний хүмүүст зориулсан систем бөгөөд, (эсрэг хүйстэй хүмүүсийн) нийгмийн тогтвортой байдал, НӨХӨН ҮРЖИХҮЙ-тэй холбоотойгоор олон жилийн турш боловсрогдон ирсэн тогтолцоо бөгөөд, үүнтэйгээ холбоотой сайн талаас гадна сөрөг талаа ч давхар дагуулж явдаг систем юм.   Тэрнээс биш ЦАРАЙ МУУТАЙДАА муухай аашлаад, зөрүүдлээд байгаа юм биш.

Гэхдээ энэ бодлоо хэлэхээр ихэвчлэн хүмүүс эсэргүүцдэг л дээ.
Нэн ялангуяа *(сексийн) олон ургалч байдал, олон талт байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой!* гэсэн үзэлтэй хүмүүс миний саналыг эсэргүүцдэг нь бүр ёжтой...

ОЛОН УРГАЛЬЧ ҮЗЭЛ ГЭДЭГ ЧИНЬ БУСДЫН ҮЗЭЛ БОДЛЫГ Ч ХҮНДЭЛ ГЭСЭН ҮГ БИЗ ДЭЭ?  ЗААВАЛ НАМАЙГ ӨӨРӨӨСӨӨ ӨӨР ҮЗЭЛ БОДОЛТОЙ ГЭЭД ДАЙРЧ ЧИЧЛЭЭД БАЙХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА АА? гэж хэрүүл хиймээр санагдах үе ч байдаг юм....

Яг яс юман дээрээ би ижил хүйстэнтэйгээ ГЭРЛЭХ талаар л эсрэг байр суурьтай болохоос, одоогийн байгаа ижил хүйстэнгүүдийн ТЭГШ ЭРХ (жишээ нь, гэрлээгүй гэсэн үүднээс партнерыгоо нас барах үеэр нь хажууд нь байж чадахгүй эрх нь зөрчигддөг асуудал, өв залгамжлах эрх байдаггүй гэх мэт) гэдэг тал дээр бол 100% дэмждэг юм шүү дээ.  Стрэйт ч бай, тийн биш ш ч бай, бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой гэдэгтэй санал нэг ч, тэгш эрхтэй байх АРГА, ХЭРЭГСЭЛ нь ГЭРЛЭЛТ гэдэг зүйл байх тал дээр бол эсрэг байр суурьтай байдаг юм.

Сивил партнершип ч юм уу, өөр зөндөө л арга байгаа шүү дээ, тийм биз дээ?

 

За ингээд нэг шизо нь хөдлөхөөрөө царай муутай дээрээ нэмээд ааш муутай гээд, гэрлэх хүн байсан ч зугтаачихаж магадгүй.
Гэрлэлттэй холбоотой дээр үед бичигдэж байсан зүйлүүдээс танилцуулья.

 ----------------------
Одоогоос 40 жилийн өмнө Японы *Баразоку* буюу *Сарнайханчууд* (үнэн лаг нэртэй тэ? ккк) сэтгүүлийн 1973 оны 1 сарын дугаар дээр нийтлэгдсэн *Гэрлэлт*-ийн талаарх нийтлэлээс танилцуулья.

Тусгай дугаар - Гэрлэлтийн талаар
1) Гэрлэлт гэж шал дэмий эд (Минакава Цүнэо)
2) Уг нь хурдан гэрлэмээр л байна, гэхдээ... (Мотоки Суэо, Ито Фуми)
3) Эхнэрийнхээ урд гомо гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх техник (Нанжо Широ)
4) Сэдэвт өгүүллэг - Нэгэн эрингийн эхлэл (Нанжо Широ)


Гэрлэлт гэж шал дэмий эд (Минакава Цүнэо) гэдэг хэсэг нь гомо гэдэгээ нуун гэрлэсэн уншигчтай хийсэн ярилцлага.  Минакава нь 34 настай бөгөөд, гэрлээд 2 жил болж байгаа, хүүхэдтэй гомо.  Түүний ярьж байгаа нь ....  


Бид, гомо нарын хувьд *Гэрлэлт* гэдэг уг нь их хүсдэг зүйл билээ.  Ёжилж байгаадаа ч биш, үнэхээр зүрх сэтгэлээсээ тэгж боддог байсан юм.

Ингээдби тэр хүсэн хүлээж байсан гэрлэлтээ батлуулсан минь 2 жил хагасын өмнө.  Миний хувьд гэрлэх болсон шалтгаан минь нийгэмд харагдах байдлаа бодоод хийсэн зүйл биш.  Гэхдээ мэдээж эхнэр болох хүндээ хайртай болсондоо ч биш л дээ.  
Гэрлэсэн гомо нарын гэрлэх нэг шалтгаан болох *Хэрвээ хүнтэй гэрлэвэл гомо минь эдгэрэх болов уу?* гэсэн хүлээлтээс болоод гэрлэсэн юм.
 

 Зиаг тэгээд юу болсон бэ гэхээр...
Үнэрийг авахаас дургүй хүрдэг ЭМ хүн, шав шалдан дайраад байна гээд бод доо?  Тэгэхээр би бүр босохоо ч больчихдог юм... Мэдээж эхнэр тэрнээс болоод бөөн хистери, уур уцаар болно.  Тэгэх тусам нь эмэгтэй хүнд улам дургүй болно.  Юун ГОМО ЭДГЭРЭХТЭЙ МАНАТАЙ, улам бүр эмэгтэй хүнд дургүй болон гомогийн ертөнц лүү улам бүр татагдах болсон билээ...


...Тэгээд, эхнэр бид хоёр одоо бүтэн жил илүү секс хийгээгүй.  Би гэртээ ч бараг харихаа больсон.  Хааяа харихаа эхнэр бөөн ядаргаа болно... Уг нь гэр бүл гэдэг хүний ганц амар тайван байх газар баймаар, гэтэл манай гэр орон бүр там болж дууслаа.


-----------------------------

Сонирхолтой л бичлэг.


За тэгээд буцаад ижил хүйстэн хоорондын гэрлэлтийн талаар ярихад.
Ижил хүйстнүүд хоорондоо гэрлэхийг эсэргүүцдэг хүмүүсийн хэлдэг нэг үндэслэл нь *Гомо угаасаа завхай, дороо өөр хүнд дурладаг, тэгэхээр гэрлэсэн ч дороо салчихна шүү дээ*
Мэдээж тийм гомо ч бий, үгүй нь ч бий.
Гэхдээ энэ үндэслэл бас огт үндэсгүй зүйл ч биш.

*Эрэгтэй хүн хааз, эмэгтэй хүн тормос* гэдэг нэг үг байдаг даа.  Эрчүүд нь сээгэс хийе гээд л дайраад л, эмэгтэйчүүд нь *яаанаа би ичээд байна* , эсвэл *толгой өвдөөд байна* гэж дургүйцээд л.  
Энэ үнэн бол 2 эрэгтэй чинь 2 хааз, тормос авахаа мэдэхгүй л сээгэс мээгэс янзан бүр болчихдог.  Тийм ч болоод тэр үү, олон хүнтэй зэрэг бэлгийн харьцаанд орох нь их байдаг, тэгээд ч тэр нь тийм БОЛОХГҮЙ ЗҮЙЛ гэж ч нэг их үзэгддэггүй *байдаг л зүйл* гэж харах нь их байдаг.  Ийм ч утгаараа гомогийн соёл нь Моногамиг гол болгодог ГЭРЛЭЛТ гэдэг зүйлтэй үнэхээр таарч тохирох эд мөн үү? гэдэг асуулт ч гэсэн байж болох л асуулт.

Амьдрал дээр, удаан хамтарч амьдч байгаа ижил хүйстэй хосууд, аль нэг нь, эсвэл хоёула өөр хүмүүстэй бэлгийн хамтрагч байх нь элбэг байдаг.  Ингэлээ гээд юм болж бүтэхгүй болохгүй юм байхгүй байгаа юм.


Ойрын үед яригдаж байгаа ИЖИЛ ХҮЙСТЭНТЭЙГЭЭ ГЭРЛЭХ гэдэг нь, зүгээр л эсрэг хүйстний дунд байдаг МОНОГАМИ ГЭРЛЭЛТИЙН СИСТЕМ-ийг тэр чигээр нь ижил хүйстэнд тохируулаад тавьчихья гэсэн хөдөлгөөн мэт харагдаад байгаа юм.  Өөрөөр хэлбэл, ижил хүйстний соёл, онцлогыг огт тусгаагүй тийм байдал.

Мэдээж ижил хүйстний энэ замбараагүй, завхай СОЁЛыг БУРУУ, БАЙЖ БОЛШГҮЙ гэж үздэг гомо нар ч их байгаа.  Гэхдээ бодоод үзье л даа. Ердөө 40-өөдхөн жилийн өмнө ИЖИЛ ХҮЙСТЭН БАЙХ НЬ ӨӨРӨӨ БУРУУ, БАЙЖ БОЛШГҮЙ гэж үзэгдэж байсан үе бий.  Соёл, нийгэм гэдэг зүйл маань өөрөө хүний бий болгодог зүйл болохоос хөдөлшгүй зүйл биш шүү дээ. 

Хэрвээ тийм л юм бол, бэлэн байгаа (эсрэг хүйстэй хүмүүсийн дундах) ГЭРЛЭЛТИЙН ТОГТОЛЦООГ тэр чигээр нь авч хэрэглэх нь дэндүү ХОЙРГО, ЗАЛХУУРСАН зүйл юм биш үү?

ГЭРЛЭЖ ЧАДАХ ХҮН / ГЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ ХҮН, ГЭРЛЭЛТИЙГ СОНГОСОН ХҮН / ГЭРЛЭЛТИЙГ СОНГОХГҮЙ ХҮН ХЭН БҮГД ХУУЛЬ БОЛОН НИЙГМИЙН ӨМНӨ ЯЛГАВАРЛАГДАХГҮЙ БАЙХ, МОНОГАМИ БИШ ТИЙМ ШИНЭ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ ЮМ БИШ ҮҮ??  ЭНЭ ЧИНЬ Л ТА БИДНИЙ ХҮСЭН ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА ОЛОН ТАЛТ / УРГАЛЬЧ ҮЗЭЛ ШҮҮ ДЭЭ

40-өөд жилийн өмнөх *Сарнайханчууд* сэтгүүлийг уншингаа ингэж бодогдож байв.
Тэрнээс биш, гэрлэж чадахааргүй царай муутай, ааш муутай, дээрээс нь олон хүнтэй явалддаг завхай тулдаа биш шүү! (хэхэ)


*Сарнайханчууд* сэтгүүлийн 1973 оны нүүр хуудас


---------------------------

Японы драаг куин Маргаретийн бичсэнийг орчуулж оруулав.
Уг нь *эхнэрээрээ гомо гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх арга барил* гэдэг нь орсон байсан бол, 40-өөд жилийн өмнөх Японтой нөхцөл байдлын хувьд төстэй байгаа Монголын хувьд их сонирхолтой байх байсан байх...

Даанч тэр хэсгийг оруулаагүй байна билээ.

Гэхдээ одоо яая гэхэв.